Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.

Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна.

Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.

Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа.

Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Тухайлбал, “Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал боддоо солилцлоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө,

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.

Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.

Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.

Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАН:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.

Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна.

Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ.

Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа.

Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна.

Бид  худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна.

Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо.

1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.

Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо.

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана.

Айчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог.

Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана.

Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй

Огноо:

,

Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.

Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай.

Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй.

Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.

Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.

Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Огноо:

,

Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.

Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.

Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна

Огноо:

,

МҮОНР-ИЙН “ТАВАН ЭРДЭНЭ” НЭВТРҮҮЛГИЙН НЭРЭМЖИТ АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН ШАГНАЛЫН УДИРДАМЖ
 
Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 48 дахь жилдээ шалгаруулан олгоно.

“Алтан төлийн эзэн” шагналын болзол

1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт
 
2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцдээ анхаарсан байдал
 
3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хэрхэн анхаарч ажилласан
 
4. Малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал
 
5. Малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал
 
6. Малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

Бүрдүүлэх материал

1. Малчны анкет
 
2. Шагналд тодорхойлсон тухай багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл
 
3. Багийн засаг даргын тодорхойлолт
 
4. Мал үржлийн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга, Сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт. Эдгээр нь сумын Засаг даргын цохолттой байна.
 
5. Аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын тодорхойлолт /албан тоот/
 
Эдгээр материалыг бүрдүүлсэн малчны тодорхойлолтыг 2026 оны хоёрдугаар сарын 1 хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ16 цаг 40 минут

Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй

Өнөөдөр16 цаг 41 минут

Цэргийн бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ16 цаг 44 минут

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Тод мэдээ16 цаг 46 минут

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сары...

Тод мэдээ16 цаг 49 минут

Зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд багта...

Тод мэдээ16 цаг 51 минут

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгджээ

Тод мэдээ16 цаг 54 минут

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн хойш...

Өнөөдөр16 цаг 56 минут

ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна

Тод мэдээ16 цаг 59 минут

Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй х...

Тод мэдээ2026/01/16

Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажлын хэсэ...

Тод мэдээ2026/01/16

“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байга...

Тод мэдээ2026/01/16

Дональд Трамп: АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт уч...

Чөлөөт бүс2026/01/16

Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдч...

Тод мэдээ2026/01/16

“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна

Тод индэр2026/01/16

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Тод мэдээ2026/01/16

Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг э...

Тод мэдээ2026/01/16

Сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Тод мэдээ2026/01/16

Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

Тод мэдээ2026/01/16

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл...

Тод мэдээ2026/01/15

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

Тод мэдээ2026/01/15

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэм...

Тод мэдээ2026/01/15

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхи...

Тод мэдээ2026/01/15

Непал–Монголын энхийг сахиулагчдын хамтарсан хүндэтгэлийн арга хэм...

Тод мэдээ2026/01/15

Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй т...

Өнөөдөр2026/01/15

Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил тө...

Тод мэдээ2026/01/15

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өрг...

Тод мэдээ2026/01/15

Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ

Тод мэдээ2026/01/15

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлж...

Тод мэдээ2026/01/15

Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын а...

Тод мэдээ2026/01/14

Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь...

Санал болгох