Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”  тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хууль, тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг явуулах үеэр тогтоолын төслийн хавсралтын 3.1 дэх хэсгийн “тавигдах шаардлага” гэснийг “тавих шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулж” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдсан.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45.0 хувьтай тэнцэхээр тусгасныг тодотголоо.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Энхцэцэг, Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Заяабал, Х.Булгантуяа, Б.Бейсен, Ж.Баясгалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Монгол Улсын 2025 оны хөгжлийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 35 төсөл, арга хэмжээний нэлээдгүй хэсэг нь эхлээгүй байгаа бөгөөд үүнийг “Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаагүй шалтгааныг лавлав. Мөн дулааны цахилгаан станцыг 500 тонн цагаар өргөтгөх болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг эрчим хүчээр хангахтай холбоотой төсөл арга хэмжээг 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс хассан шалтгааныг тодруулж байлаа.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг л тусгадаг тул 2025 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлууд орхигдсон, хийдэл гарсан. Гэхдээ 2025 он дуусах болоогүй тул Засгийн газар он дуустал төлөвлөгөөнд туссан бүх ажлаа эхлүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр Орхон аймгаас буюу бараг 1000 км-ын цаанаас 110 кВ-ын шугамаар эрчим хүчийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт дамжуулдаг тул, эрсдэл их өндөртэй. Иймд Өвөрхангай аймгийн төвд 100 МВт-ын эрчим хүчийг дөрвөн цагаар үйлдвэрлэх хүчин чадалтай батерей станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэсэн. Дээрх ажлууд ойрын хугацаанд шийдвэрлэгдэх байх хэмээв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ирэх оны зарлага, санхүүжилтийг 33.4 их наяд төгрөг гэж тусгасан нь энэ жил төсвийн зарлагаа нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгох нь зөв үү гэдгийг лавлахын зэрэгцээ төсвийн зарлага, санхүүжилтэд бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн урсгал зардлаа бууруулаад, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам ажиллах шаардлагатай гэсэн санал хэлсэн.


Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвийн зарлага одоо 35 их наяд төгрөг байсныг бууруулж 34 их наяд төгрөг болгож, цаашдаа төсвийн зарлагаа бууруулах төлөвлөгөөтэй байгаа. 2021 онд төсвийн зардал 11 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 35 их наяд төгрөгт хүрч, гурав дахин өссөн байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрс, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан нөхцөлд төсвийн орлогод гол эрсдэлийг дагуулах тул цаашдаа төсвийн зардлаа өсгөхгүй явна гэж төлөвлөсөн юм билээ хэмээн хариулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа 2025 онд эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьтай байхаар өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн нь бодит байдалтай хэр нийцэж байгаа талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодруулахын зэрэгцээ хэрэглээний өсөлтийг буруу тооцоолсон хариуцлагыг хэн үүрэх талаар лавлаж байв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал хөндөгдсөн гээд Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь эдийн засгийн өсөлт, инфляцийг тооцсон хувь хэмжээ үндэслэл муутай байгааг хэлсэн. Олон улсын валютын сан эдийн засгийн өсөлтийг 6.2 хувь гэж тооцсон байсан. Засгийн газраас энэ өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна билээ. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь хэмжээг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсонтой  гишүүд санал нийлэхгүй байгаа гэсэн тайлбарыг өгсөн. 


Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байх боломжгүй гэж үзсэн. Зөвлөлийн таамаглалд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5, 2026 онд 5.4, 2027-2028 онд 5.0 хувьтай буюу Засгийн газрын төсөөллөөс 2 хувиар доогуур байсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засагт нөлөөлөх уул уурхайн салбарын эрсдэлийг тооцохдоо 2026 онд уул уурхайн салбар хүнд байдалтай байна гэж харсан гэх нэмэлт тайлбарыг өгсөн. 
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, татвар болон нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх хуулиуд батлагдаагүй учир төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан хуулийн хүрээнд боловсруулсан байна. Хэрэв дээрх шинэчлэлийн асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгана гэвэл Сангийн яамнаас хийж буй тайлбараар төсвийн орлогыг бууруулж, зарлага нэмэхгүй гэх зэргээр хүнд байдалд хүрэх нь. Уг нь Засгийн газраас хаврын чуулганы хугацаанд шинэчлэлийн төслүүдээ батлуулсан бол  асуудлаа төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаад 2026 оноос хэрэгжих боломжтой байлаа гэсэн саналыг хэлж байв.
Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын 3.1 дэх хэсгийн “тавигдах шаардлага” гэснийг “тавих шаардлагыг хуулиар нарийвчлан зохицуулж” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.


Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан. Тус Байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 1 саналын томьёоллоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцлов.



Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Лувсанжамц нар үг хэлсэн. Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9  хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Сири дэх цэргийн хүчнээ бүрэн татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан бүх цэргийн баазууд Сирийн талын хяналтад шилжжээ.

Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, өмнө нь АНУ-ын цэргүүд байрлаж байсан баазуудыг шат дараатайгаар хүлээн авч, одоогоор бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн байна. Энэ үйл явц нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг үе шаттай гаргасны дараа хэрэгжсэн бөгөөд шууд мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнгүйгээр явагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.

АНУ Сирид олон жилийн турш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд цэргийн ажиллагаа явуулж, хойд болон зүүн бүсийн хэд хэдэн стратегийн баазыг ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед бүс нутгийн нөхцөл байдал, стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор цэргийн оролцоогоо бууруулж, улмаар бүрэн гаргах шийдвэр гаргасан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү дуусгавар болж, баазуудыг Сирийн талд шилжүүлсэн нь бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Сирийн дотоод аюулгүй байдал, олон улсын оролцооны шинэ шат эхлэхийг үгүйсгэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.

Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.

Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.

Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.

Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2 цаг 36 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...4 цаг 40 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..6 цаг 26 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал7 цаг 2 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал7 цаг 32 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал7 цаг 48 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох