Дэлхий нийтээр..
Б.Одбаяр: Улаанбаатар хотын гол авто замуудын 80 гаруй хувь буюу 232 км авто замыг шинэчлээд байна
Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжид тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа. Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрт нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” гэв.
Дэлхий нийтээр..
Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ
Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.
Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.
Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.
Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.
“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.
Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.
Дэлхий нийтээр..
Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ
Оросын хакерууд Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний байгууламжуудад халдахад НАТО-той холбоотой мэргэжилтнүүд тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэх баримт олж авсан талаар ТАСС агентлаг наймдугаар сарын 7-нд мэдээлжээ.
ТАСС-ын мэдээлснээр, нэрээ нууцалсан хакеруудын олж авсан гэх материал нь 2026 оны долдугаар сард Ленинград болон Калининград муж дахь газрын тосны терминалууд руу Украины талаас хийсэн халдлагатай холбоотой аж.
Хакеруудын мэдээлснээр, Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албанд Ленинград, Калининград муж дахь газрын тосны терминалууд болон “Газпром”-ын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцны байршлын талаарх мэдээлэл дамжуулсан гэх цахим харилцааны баримтыг олж авчээ.
Мөн олдсон гэх захидал харилцаанд Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албаны Олон улсын хамтын ажиллагааны төвийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулах санал тавьж, өөрийн байгууллагын удирдлагыг оролцуулах талаар дурдсан байна. Украины талаас хошууч Михаил Марченког уг харилцаанд оролцуулах санал тавьсан гэж ТАСС мэдээлжээ.
Хакерууд Европын орнуудын эрлийз болон мэдээллийн дайны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Оросын эсрэг ажиллагаанд оролцож, Украины талд мэдээлэл дамжуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
ТАСС-ын дамжуулснаар, хакерууд “мөргөлдөөнийг өдөөх тушаал өгсөн хүн Киевт биш, Европын энх тайван хотод байсан” хэмээн мэдэгджээ.
Харин хакеруудын олж авсан гэх материал болон түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг хараат бус эх сурвалжаар баталгаажуулсан мэдээлэл одоогоор гараагүй байна. НАТО болон Украины холбогдох байгууллагуудаас дээрх мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
-
Дэлхий нийтээр..2022/08/12
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт
-
Дэлхий нийтээр..2025/08/15
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын...
-
Хэн юу хэлэв...2021/01/08
Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг товлолоо
-
Үйл явдал2022/02/01
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
