Тод индэр
Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буурсан
Эх сурвалж: Үндэсний шуудан
- Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн онд гэмт хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлттэй шинэ онтой золгосон. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа тухай яриагаар эхлэе?
- Сүүлийн жилүүдэд Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өссөн.Тухайлбал, 2017 онд гэмт хэрэг 17,4 хувиар өссөн. Харин 2018 онд 3705 аар буюу 16,9 хувиар өсч нийт 25652 гэмт хэрэг үйлдэгдсэн юм. Харин 2019 онд 5391 хэргээр буюу 21 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралд 1406 хэргээр буюу 21,1 хувиар буурсан. Дээрх статистик тоог нийтэд нь авч үзвэл 2018 оныхоос 7206 буюу 30 орчим хувиар буурлаа.
Өнгөрсөн онд болон энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийслэл хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт бууралттай эерэг үр дүн гарсан нь манай хамт олны хичээл зүтгэлээс гадна иргэд, байгууллагуудын маань хүчин зүтгэл их байгааг хэлэх нь зүйтэй.
Энэ хугацаанд нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг байсан хулгай, дээрэм, залилан, халаасны хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 30-60 гаруй хувиар буурсан.
Харин энэ оны 1 дүгээр улиралд авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 58 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 35 хэргээр буюу 1.5 дахин, мөнгө угаах гэмт хэрэг хоёр нэгжээр буюу 40 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцээд мал хулгайлах гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
Иргэд байгууллагаас ирүүлсэн нийт дуудлага, мэдээлэл 2019 онд 59102-р буюу 11.7 хувь, энэ оны 1 дүгээр улиралд 10391 буюу 9,8 хувиар, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл 69493- р буюу 21 хувиар буурчээ. Үүнд бид урамшиж байгаа. Дуудлага мэдээлэл бүхний ард хүн хүч, мөнгө санхүү, цаг хугацаа гээд олон асуудал байдаг шүү дээ. Зөвхөн нэг согтуурч танхайрсан дуудлага дээр очиход бензин тос, алба хаагчийн ажил ачаалал, цалин мөнгө гээд бичээд байвал олон доо. Үүнийг манай иргэд ч бас их ойлгодог болсон.
Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 1968 буюу 30.3 хувь, зөрчлийн дуудлага, мэдээлэл 1582 буюу 2.0 хувь, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 5744 буюу 34.1 хувиар тус тус буурсан тухай онцлох нь зүйтэй.
Ингээд гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт буурснаас Хан-уул дүүрэгт 30.4 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.7 хувь, Баянгол дүүрэгт 27.9 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 14.0 хувь байгаа нь бусад дүүргүүдээс илүү байна. Ажил ачаалал багатай дүүрэг, хороо, алба хаагч гэж үгүй. Ер нь манай алба хаагч нарын манлайлал надаас, өөрөөс маань эхлэх учраас ажлын арга, туршлага гээд бүхий л талаараа удирдах ажил алба хашиж байгаа залуустаа үлгэр дуурайл болохыг зарчмаа болгож ирсэн. Ер нь дарга гэдэг албан тушаалтнуудыг зохион байгуулагч, зохицуулагч, чиглүүлэгч, үлгэрлэгч гэж манлайллын үүргээр нь хамт олон нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах явдал юм. Тиймээс удирдлагуудаас их зүйл шалтгаална гэж би хувьдаа үздэг.
Дүүргийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарын хувьд ч удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч байдал, алба хаагч нэг бүрт хүрч ажиллах, хэрэг зөрчилд хяналт тавьж буй байдал, иргэдээс ирүүлсэн гомдол санал хүсэлтэд хариу өгч байгаа байдал, харьяа дээд байгууллага, удирдлагаас ажил сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хянах, тооцох явдал учир дутагдалтай байсныг нуух юун.
Нөгөө талаас анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийг хуулийн хугацаанд нь мөрдөн шалгах, дуудлага, мэдээлэл нэг бүрийн шийдвэрлэлтэд хяналт тавих гэх мэт ажлууд нь суларсан байсан гээд дурдвал асуудал барагдахгүй л дээ.
Цагдаагийн дарга хүн ажилдаа хамгийн эрт ирээд хамгийн сүүлд явдаг байх нь наад захын манлайлал. Албаны дүрэмт хувцсаа үлгэр жишээ өмсдөг, алба хаагчидтайгаа журам, дүрмийн дагуу зөв харьцдаг, иргэдийг сайхан хүлээж аваад, гаргасан өргөдөл, гомдлыг нь шалгах алба хаагчид нь зөвлөгөө өгөөд, хэрэгжилтийг нь тооцдог, иргэнд хариуг нь өгдөг, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, ажил хариуцах чадвар зэргээр дүүргүүдийн ихэнх дарга нар зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж байгаад урамтай байдаг.
Иймээс бид дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч, ажиллахын зэрэгцээгээр, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх тал дээр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлсний ч бас үр дүн юм даа.
- Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Сүүлийн жилүүдэд бууруулахад чиглэсэн ямар ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна вэ?
- Хууль зүй Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас манай Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж шинэ бүтцэд оруулсан. Бидний санаачилсан ажлын үр дүн иргэд, алба хаагчдад ээлтэй байвал тэр бодит үр дүн гэж хардаг. Тийм бүтэц болсон ч гэж бодож байгаа. Тухайлбал: Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар хариуцахаар дүүрэг тус бүрт газар байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа бүрдсэн. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагатай нэг бодлогоор л харилцдаг болж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо улам сайжирч, ажил ачааллаа хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэж байна. Энэ бүтцийг хийхэд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 33 хэсэг байгуулсан. Энэ нь цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүрэг хороодын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой шийдвэр боллоо.
Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай ажил гэж харж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагчид урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.
Дүүргүүдийн Иргэдийн хурал, Засаг даргаас харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд техник тоног төхөөрөмж, төсөв мөнгөний дэмжлэгийг чамлалтгүй үзүүлж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, засварын ажил, мөн Хан-Уул, Багануур дүүргүүдийг дурдаж болно.
Цагдаагийн байгууллага нь иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл нэг бүрт хүрч ажиллан, зөрчлийн шийдвэрлэлтэд удирдлагын хяналтыг эрс сайжруулан тогтмолжуулж, алба хаагчдын хуульч ажиллагаа, ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүн юм.
Түүнчлэн өнгөрсөн онд болон энэ оны 1 дүгээр улиралд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ /аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ/-г үе шаттайгаар зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй гэмт хэрэг, зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг тухай бүр нь шуурхай шалган шийдвэрлэх ажилд голлон анхаарч прокурор, шүүхийн байгууллагатай нягт хамтран ажилласны үр дүн маш чухал.
Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цахим орчинд шуурхай хүргэх ажлуудыг зохион байгуулах, халдварт өвчинтэй холбоотой хорио цээрийн дэглэм тогтоож, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг багасгасан нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Мөн иргэдийн өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн ухамсар дээшилж байгаатай холбож болно.
Байгууллага аж ахуйн нэгжүүдийн хуульд заасан үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж үр дүнг бодитой тооцсон. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл хяналт шалгалтад мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж улмаар хэв журмын урамшилт эргүүл, олон нийтийн цагдаа, нийтийн эргүүлийг эрчимжүүлсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн юмаа.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хоногт дунджаар 1500-2000 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг байсан. Одоо энэ тоо 500-1000 аар буурч байна. Бүртгэгдсэн нийт дуудлага, мэдээллийн 60 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай байдаг. Тиймээс хэргийг өдөөдөг хууль бус үйл ажиллагааг хяналтандаа авч, таслан зогсоох, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил буурч байна. Тухайлбал: Нийслэлийн цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жил гаруй хугацаанд баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа болон гудамж талбайг хяналтад авах чиглэлээр “Эмзэг цэг” арга хэмжээг нэг ч өдөр алгасалгүй тасралтгүй явуулж байна.
- Нийслэлийн иргэдийн хурал болон Засаг дарга нараас та бүхний ажлыг хэрхэн дэмждэг вэ?
- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шинэ байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров.
Удахгүй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрнууд ашиглалтад орох гэж байна. Мөн нийт автомашинуудын 10 орчим буюу 50 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Шинээр нэг тэрбум орчим төгрөгөөр тодорхой дүүргүүдийн хороодыг камержуулаад байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үзүүлж байгаа маш том дэмжлэг.
- 2020 онд Нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын болон бусад ямар мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр болоод байгаа вэ?
Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжсэнээр 2020 онд Нийслэлийн иргэдийн хурлаар автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотыг тодорхой хэмжээнд камержуулах төсөв хөрөнгийг баталсан. Хууль Зүй Дотоод хэргийн сайдын тушаалаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цагдаагийн ерөнхий газрын багтай хамтран Улаанбаатар хотод болон Монгол улсын хэмжээнд камержуулахад хэдий хэмжээний хөрөнгө, техник тоног төхөөрөмж шаардлагатайг судлах ажлын хэсэг байгуулагдан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тухайлбал Улаанбаатар хотод 6500 камер байршуулахад гэмт хэрэг 40 хувиар буурах тооцоог гаргасан бөгөөд камерууд байршуулах бүх цэгийг тодорхойлсон. Мөн Улаанбаатар хотод тавигдах камерын стандартыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулаад байна. Эдгээр камерууд нь гэр хороолол болон хотын төвд шилэн кабелиар болон агаараар шийдэх боломжтойг хүртэл тодорхойлсон.
Энэ нь цагдаагийн алба хаагч дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, иргэдийн ая тав тухтай ажиллах амьдрах, айдас хүйдсийг багасгах, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж баталсан. Энэ бүхэн цагдаагийн байгууллагын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.
- Кроновирусын халдварын тархалтын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ямар зохион байгуулалттай хэрхэн ажиллаж байна вэ.
- Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, Нийслэлийн Засаг даргаас хэд хэдэн захирамж, тогтоол шийдвэр гарч хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн цагдаагийн байгууллагын 3000 алба хаагч эргүүл хяналт, шалгалтын ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал:
Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар НМХГ-тай хамтран шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлж баар, шөнийн цэнгээний болон цахим тоглоомын газруудад өдөр бүр шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлснээр олон зөрчлүүдийг илрүүлж зохих арга хэмжээг нь түргэн шуурхай авч байна. Үүн дээр дүүргийн цагдаагийн алба хаагчид маань өдөр, шөнөгүй нийслэл хотын аюулгүй байдлын манаанд амь бие, эрүүл мэндээ үл хайхран ажилласны үр дүн ихээхэн гарч байгаа хэрэг юм. Харилцан ачааллаа нөхөж ажилласнаар цаад утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажилд ямар нэгэн хий гаргахгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ хэмжээгээр гэмт хэрэг, зөрчил дуудлага, мэдээллийн тоо ч эрс буурч байна.
Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар худалддаг, үйлчилдэг 6844 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж, Монгол улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг зөрчсөн 51 аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, гудамж талбай, олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан бие зассан 11 мянга орчим, Гамшгийн тухай хууль 30 гаруй хүнийг нийтдээ 116 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна.
Мөн коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ оны 03 дугаар сараас эхлэн Нийслэлийн Баянгол дүүргийн “Наранбулаг”, Баянзүрх дүүргийн “Парк”, Хан-Уул дүүргийн “Зүчи палас” зочид буудал, Баянгол дүүргийн “Амар” зочид буудал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт гадаад улс орнуудаас ирсэн 710 гаруй хүнийг тусгаарлаж, ногоон бүс буюу гадна орчинд цагдаагийн 260 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Улаанбаатар хот руу орж гарах хөдөлгөөний хязгаарласантай холбогдуулан нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын бус батлагдаагүй замаар явах хөдөлгөөний хязгаарлалтыг хийж 19 цэгт 120 гаруй алба хаагчийг тогтмол ажиллуулж байна.
Мөн гэр оронгүй иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг аливаа халдварт өвчин тараах, тэднийг кроновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга 03 дугаар сарын 12-ны өдөр А/345 дугаар захирамж гаргасныг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлж 477 иргэнийг илрүүлэн, ар гэрийн хүсэлтээр 128 хүнийг ар гэрт нь буцааж 349 хүнийг төрийн болон төрийн бус нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаад байна.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдаа хэрхэн зохион байгуулж ажиллана байна. Хүндрэл бэрхшээл гарч байна уу?
- Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг өвчнөөс болон эрсдэлээс хамгаалах чиглэлээр арга зүйн зөвлөмж, үүрэг чиглэл, хөрөнгө /эд зүйл/, хамгаалах болон ариутгах хэрэгсэл тасралтгүй ханган ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хүн хүчний оновчтой хуваарилалт хийж, ерөнхий газрын харьяа алба хэлтсүүдийн хүн хүчийг төвлөрүүлэн эргүүл, хяналт шалгалт, хамгаалалтад татан оролцуулж байгаа нь дүүргийн алба хаагч нарт ихээхэн тус нэмэр болж байна.
Одоогоор хүн хүч дутагдаж байгаа асуудал гараагүй байна. Цаашид хамгаалах объект олноор нэмэгдэж, энэ өвчний халдвар тархалт нэмэгдвэл мэдээж хүн хүчний хомстол дутагдалд орно. Ийм учраас иргэд, байгууллага хамт олон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Төв аппаратын албан тушаалтнууд дүүрэг дээр 4-5 хоногоор шилжин ажиллаж, жижүүр хороон дээр ажиллаж байгаа алба хаагчдыг амрааж, нурууг нь тэнийлгэлээ. Ингэснээрээ алба хаагчдын ажил ачааллыг тэнцвэржүүлэх үр дүнтэй.
Манай алба хаагчид энэ цаг үеийн байдлыг сэтгэлийн хүч тэнхээ энэ албыг сонгосон ухамсар, итгэл үнэмшлээрээ даван туулахын төлөө мэрийн ажиллаж байна. Ингэх ч ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд нэгж дээр үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, тэдний гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье.
Тод индэр
Б.Одбаяр: Бродюрын эвдрэл гадны нөлөөтэй механик эвдрэл байсан
Шинээр суулгаж буй авто замын чулуун бродюр нь үүрч эвдэрч байгаа гэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинээр сольсон бродюрын чанар үнэхээр муу байна уу? Яагаад эвдэрсэн юм бэ?
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
-Бетон бродюр давс бодист хурдан муудаж бутарч, эвдэрдэг учраас энэ жил бид илүү чанартай чулуун бродюраар сольсон. Гэвч шинээр хийсэн авто замын бродюр эвдэрч үүрлээ гэх мэдээллийн араас уг асуудлыг шалгаж үзэхэд гаднын нөлөөгөөр эвдрэлд орсон байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж бродюр эвдэрсэн учраас бид цагдаагийн байгууллагаар шалгуулж буруутай этгээдээр учирсан хохирлыг төлүүлнэ.
-Авто замын бродюрыг шинэчлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан аваагүй гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?
-2023 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар чулуу үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл болоод бродюр үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж бродюр нийлүүлэх тоо хэмжээ, зах зээлийн үнэ ханшийн асуудлаар уулзалт зохион байгуулсан байдаг. Бродюр үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Минжит Булган” ХХК 35 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дээрх компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлэхэд их хэмжээний бродюр худалдах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Бидний зүгээс дээрх компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж дотоодоосоо бродюр авах зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Харамсалтай нь шинэ тоног төхөөрөмжөө угсарч дууссан ч бидний эрэлтийг хангахуйц их хэмжээний бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Тиймээс бид БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч солиод байгаа.
-Авто замын ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийсэн гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Зам засварын ажлын дараалал гэж бий. Авто замыг засварлахдаа асфальт хийж 8 см зузаан хучилт хийдэг. Түүний өмнө бродюр, ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөх шаардлага гардаг. Хучилт хийхээс өмнө ус зайлуулах хоолойны тагийг өндөрлөөгүй үед засварын дараа таг доошилж хонхойлт үүсдэг. Тиймээс бид хучилтын зузаантай зэрэгцүүлж тагийг өндөрлөдөг. Гэвч энэ ажлыг иргэд олон нийт ойлгохгүй таг нь замаасаа өндөр байна гэж шүүмжилсэн. Бид замаа засах гэж байгаа учраас л тухайн авто замын таг, бродюрыг өндөрлөөд байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.
Бас энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан авто замын бүтээн байгуулалтын ажил болоод бродюрын асуудлаар олон нийтийн сүлжээнд янз бүрийн худал мэдээлэл гарч байна. Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авч байхыг хүсье. Авто замын засвар шинэчлэлтэй холбоотой асуудалд бид иргэдэд үргэлж нээлттэй мэдээллийг хүргэж байгаа. Дээрх худал мэдээллүүд ажил гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс та бүхэн мэдээлэлд цензуртэй хандахыг уриалж байна.
-Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд бродюр солих нэрээр мөнгө угааж байна гэх мэдээлэл тархсан. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
“Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр
-Манай байгууллага СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Тендерт оролцоход захиалагч талаас нэг ширхэг бродюрын үнийг тогтоож зарласан байдаг учраас бид үнийн саналтай танилцаж тендерт оролцсон. Бидний зүгээс бусад авто замын компанийн нэгэн адил БНХАУ-д үйлдвэрлэдэг чулуун бродюрыг худалдан авч авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын хэлж байгаачлан дотоодын бродюр үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага бродюр нийлүүлэх боломжгүй гэсэн учраас бид БНХАУ-аас бродюр худалдан авч засварын ажлыг хийж байгаа юм.
-Энэ жил анх удаа чулуун бродюрыг ашиглаж байна. Чанарын баталгаа яаж гарах вэ?
-Авто замын шинэчлэлд нэг жилийн баталгаат хугацаа, шинэ зам барихад гурван жилийн чанарын баталгаат хугацаа өгдөг. Бид энэ хугацаанд барьцаа хөрөнгөө байршуулаад эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр засаад явдаг.
-Яагаад бетон биш чулуун бродюрыг сонгох болов?
-Бетон бродюрыг 3-4 жил ашиглаад дахин сольдог. Цас их орсон үед давс, бодист идэгдээд амархан мууддаг. Гэтэл чулуун бродюрын тухайд бодист идэмхий, уусаж эвдрэхгүй учраас олон жилийн насжилттай. Тэгэхээр бетон бродюрыг олон дахин солих нь эдийн засагт үр өгөөжгүй. Нэг үгээр насжилт өндөртэй учраас л чулуун бродюрыг ашиглаад байгаа юм.
-Авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд яагаад заавал бродюрыг зэрэг сольдог юм бэ. Үүнээс болж мөнгө угаалт явагдлаа гэх иргэдийн хардлага төрж байна?
-Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольдог. Нөгөөтээгүүр 4 жил тутам бродюрыг солих, 20-30 жилд нэг удаа бродюр солих хоёрын аль нь ашигтай вэ. Бид эдийн засгийн үр өгөөжөө тооцож л бродюраа удаан эдэлгээтэй чанар сайтайгаар сольж байна шүү дээ.
Тод индэр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
Эх орны ирээдүй болсон оюутан, сурагчид аа
Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ
Хүндэт эцэг эхчүүд ээ!
Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна.
Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн.
Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсролын салбарын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулах, сурагчийн хөгжил, төлөвшил, сургалтын чанар, технологи, инновацид зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч, боловсролын салбарын чиг хандлага хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж байна.
Хүүхэд залуус Та бүхэн монгол ёс уламжлал, үүх түүхээ мэддэг, өвөг дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Иймд өнөөдөр эрдэм мэдлэгт шунан дурлаж, илүү их ном уншиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тасралтгүй суралцахыг уриалж байна.
Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа, эх орны маргаашийн нарыг мандуулах эрдэмтэн мэргэн багш нартаа 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2024.09.01
Тод индэр
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.
Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/05/21
Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
-
Тод мэдээ2023/05/03
ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
-
Тод мэдээ2021/03/09
У.Хүрэлсүх: Монгол хүн эх орондоо эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг ади...
-
Тод мэдээ2022/02/11
“Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа