Бидэнтэй нэгдэх

Тод зураг

"Онц хилчин" Норд

Огноо:

,

Сэтгүүлч:

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Хилчдийн үнэнч нөхөр болсон нь

Хилчдийн үнэнч нөхөр байсаар ирсэн, байсаар ч байгаа сайн нөхрийнхөө тухай нийтлэл бичье гэж бодсоор уджээ. Улсын хил хамгаалалтад олон бахдам амжилтыг үзүүлсэн Нордын тухай та сонсож байсан биз. Хилийн цэргийн албаны нохойн түүхэнд Хилийн 0243 дугаар ангийн Нордтой эн тэнцүү үүрэг гүйцэтгэсэн нохой ховор. Албаны Норд дуудлагатай Дорнод Европ үүлдрийн нохойг 2012 онд ОХУ-аас 1.2 сая төгрөгөөр Хил хамгаалах байгууллага худалдан авчээ. Норд нэг настайдаа ийнхүү Монголын хилчдийн үнэнч нөхөр болсон байна.

ОХУ-аас ирсэн даруйдаа Баянчандмань дахь Албаны нохойн сургалтын төвийн гурван сарын давтаэн сургалтад хамрагдахдаа 30 гаруй нохойноос амжилтаараа тэргүүлсэн нь тун ирээдүйтэй эрэлч нохой болохыг нь нотолжээ. Нордын онцгой чадвар нь морин дээрээс хүнийг шүүрч унагах эрдмийг гойд эзэмшсэн явдал. Монголын хилийн албаны эрэлч нохойн онцгой ур чадварыг харуулсан чөлөөт үзүүлбэрээрээ Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, гадаад, дотоодын олон уулзалт, арга хэмжээний үеэр байгууллагын нүүр царай болсон. Түүний байгуулсан хамгийн эрхэм гавьяа бол 18 удаагийн хилийн зөрчлийг эрэлч нохойн үүргээ биелүүлэн илрүүлсэн явдал юм. Гүйцэтгэх албаны чиглэлээр хилийн зөрчил илрүүлэх удаа дараагийн ажиллагаанд оролцсон тоог энд дурдсангүй.

Хил зөрчигчийн халуун мөрөөр

Нордын хамгийн анх илрүүлсэн хэрэг бол 2013 онд Хилийн 0243 дугаар ангийн хилийн дугаар салбарын чиглэлээр согтуугаар нэгэн иргэн улсын хил зөрчин айлын өвөлжөөнд нуугдсан байхад мөрөөр нь илрүүлсэн байна. Харин хамгийн холын зайд эрэл хийж хил зөрчигчийг илрүүлэхдээ тасралтгүй 12 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хоёр хил зөрчигч адуу хулгайлан улмаар айлд бүгснийг мориных нь эмээл болон эрлийн замналын турш цуглуулсан тамхины иш, хайрцаг, дээлийн уранхай өөдөсний тусламжтайгаар нотолсон байдаг. 2013 онд манай улсын тодорхой тооны иргэд ОХУ-ын талаас адуу хулгайлах зорилгоор улсын хил зөрчин буцаж орж ирсэн хоёр удаагийн үйлдлийг Нордыг ашиглан саатуулсан байна.

Арваннэгдүгээр сарын 13-нд хилийн салбарын хариуцсан хэсэг дугаар тэмдэгтийн чиглэлд гадаадаас ОХУ-ын нэг иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас төөрч, улсын хил зөрчин орж ирээд хилээс 11 км зайд айлын өвөлжөөнд байсныг албаны нохой ашиглан илрүүлсэн. 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд манай улсын хоёр иргэн ан хийх зорилгоор, зургадугаар сарын 09-нд манай улсын нэг иргэн ар гэрийхэнтэйгээ маргалдсаны улмаас хил давах зорилгоор явж байсныг Нордыг ашиглан саатуулсан байна. Ийнхүү Норд 2013 онд зургаан удаагийн хилийн зөрчлийг амжилттай илрүүлэн мандаж эхлэв. Түүний амжилт үргэлжилсээр 2016 оны тавдугаар сарын 11-нд хилийн салбарын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд манай улсын хоёр иргэн дотоодоос хил даван ОХУ-ын талаас адуу хулгайлах зорилгоор гараад буцаж орж ирэн хилээс 12 км зайд айлд нуугдаж байх үед нь Нордыг ашиглан илрүүлж саатуулав. Мөн оны арванхоёрдугаар сарын 04-нд хилийн салбарын хариуцсан хэсэг Баруун моностой гэх газар самар түүж яваад сураггүй алга болсон хоёр иргэнийг эрж хайх, чиглэл тогтоох, илрүүлж олох ажиллагаанд Нордыг нийт зургаан км орчимд мөрдөлт явуулж ашигласан нь тухайн үед ихэд үнэлэгдсэн билээ.

2017 оны нэгдүгээр сарын 16-нд хилийн салбарын хариуцсан хэсгээр манай улсын гурван иргэн ан хийж яваад хил зөрчиж ОХУ-ын талд хилийн манаатай таарч буцаж зугатаан улсын хил даван орж ирээд хилээс 10 км зайд айлд байсныг ул мөрний дагуу Нордоор мөрдүүлж илрүүлсэн. Мөн онд манай улсын болон ОХУ-ын тодорхой тооны иргэд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн хоёр удаагийг үйлдлийг илрүүлэв. 2017 оны долдугаар сарын 17-нд хилийн салбарын хариуцсан хэсэг дугаар тэмдэгтийн чиглэлээр гадаадаас ОХУ-ын хоёр иргэн хил даван орж ирээд хилээс найман км зайд явсан чиглэлийг ул мөрний дагуу Нордыг ашиглан тогтоож илрүүлсэн.

2018 оны долдугаар сарын 05-нд хилийн салбарын хариуцсан хэсэгт хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд гадаадаас ОХУ-ын дөрвөн иргэн автомашин уналгатай төөрснийг, арванхоёрдугаар сарын 05-нд хилийн салбарын хариуцсан хэсэгт манай улсын нэг иргэн дотоодоос малаа авах зорилгоор улсын хилийг таван км зөрчин буцаж хил даван хилээс хоёр км зайд байсныг Нордыг ашиглан илрүүлэв. Хилийн Алтанбулагийн боомтоор баримт бичгийн зөрчилтэй хоёр зорчигчийг нутгийн гүнд нуугдсан чиглэлийг тогтооход түүний гүйцэтгэсэн үүрэг их.

2019 оны наймдугаар 16-нд манай улсын долоон иргэн улсын хил зөрчин ОХУ-ын талд ан хийж яваад хилийн манаатай тааран зугтааж улсын хил даван орж ирсэн гэх цагийн байдлын мэдээллийн дагуу чиглэл тогтооход Норд чухал үүрэг гүйцэтгэв.

2019 оны долдугаар сарын 26-ны өдөр. Манай улсын хоёр иргэн ОХУ-ын талаас адуу хулгайлан хил давуулан оруулж ирээд хилийн манаатай тааран тууж явсан адуугаа орхин зугтаасан тул тухайн 30 тооны адууг эрж хайн олох, чиглэл тогтоох эрлийн ажиллагаанд Нордыг ашигласан байна. Тус үүрэг гүйцэтгэлтийн үеэр Нордын ажлын ачаалал даах чадамж буурсан нь илтэд мэдэгджээ. Уулархаг хэсгээр ачаалал өндөртэй үүрэг гүйцэтгүүлсэн учраас нэлээд ядарч байгааг нь нохой сургагч нь анзаарсан байна. Ер нь нохойны мөрдлөг хийн ажиллах чадвар нь зургаан цаг орчим байдаг аж. Хоёр цаг тутамд амраагаад эргээд мөрдүүлдэг байна. Ийнхүү Нордын удаа дараалан илрүүлсэн хилийн зөрчлүүдийг нэрлэвэл олон юм. Норд одоо арван настай. Байгалийн жамаар тэр хөгширч, тэтгэвэртээ гарах цаг нь болжээ. Одоогоор Норд Хилийн 0243 дугаар ангийн хилийн 0295 дугаар салбарт үүргээ гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн жил анги албаны нохойны хотхоныг тус салбарт байгуулан эрлийн болон харуул хамгаалалт, үржлийн чиглэлээр албаны нохойг өсгөн үржүүлж байгаа аж.

Ширүүн догшин Норд

Норд ширүүн догшин араншинтай. Зан чанарын хувьд хөдөлгөөнтэй, тогтворгүй буюу холерик шинж чанартай. Түүний зан чанарын энэ онцлогт тохируулан багаас нь хөөн барилтын чиглэлээр сургасан аж. Морин дээрээс хил зөрчигчийг саатуулах ажиллагааг сайтар сурч төвөггүйхэн үсрээд морины цаана гарчихна. Мөн эзнийхээ зааварчилгаагаар “морь руу” командаар тэр сайн ажиллаж сурсан. Түүнийг ийнхүү сургахад хамгийн гол нь номхон морь байх шаардлагатай. Ер нь морь, нохой хоёр хоорондоо сайтар дасаж байж энэ үзүүлбэрийг гаргана.

Хоёр сарын турш бэлтгэл сургуулилт хийж Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойгоор тэд дээрх  үзүүлбэрийг амжилттай үзүүлэн үзэгч олныг шуугиулаад авсан юм. Бэлтгэлийн явцад нохой сургагч гараа хугалсан ч манай хоёр зорилгодоо хүрч, үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Жилийн дөрвөн улирал, өдөр шөнийн алинд ч бай өгөгдсөн цагийн байдлын дагуу ангийн тусгай томилгоот бүлэг үүрэг гүйцэтгэн бүлгийн даргын өгсөн шийдвэрийн дагуу зөрчлийн газарт очин тухайн газар оронд үзлэг хийх, хил зөрчигчийн мөр, эд зүйлсийн үнэрээр мөрдөн хөөх, нуугдаж байгаа газар орон байр объектоос олж илрүүлэх, саатуулах, хуяглан хүргэх зорилгоор албаны нохой Нордыг ашигласаар ирсэн байна.

Тэр миний амжилт бүтээлийн эхлэл байж чадсан

Нордын талаар ийнхүү ярихад нохой сургагчийг орхиж боломгүй. Хилийн 0243 дугаар ангийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Н.Сэлэнгэ. Тус ангид 2002 онд хөгжимчнөөр орж, 13 настайгаасаа хилчин болжээ. Хугацаат цэргийн албыг ангидаа хааж, 2012 оноос нохой сургагчаар ажиллаж эхэлсэн юм. Ер нь нохой сургагч, нохой хоёр биендээ дасаж, байнга хамт байх ёстой. Тэгж нохойны зан байдлыг илүү сайн танин мэднэ. Нордыг хилийн зөрчил илрүүлэх бүрт ахлах ахлагч Н.Сэлэнгийн ажлын үр дүн гарч байгаа учраас тэрбээр ихэд баярладаг гэсэн. Мэдээж хил зөрчигчийг илрүүлэн саатуулах нь хилчдийн эрхэм үүрэг. Нөгөөтэйгүүр түүний ажлын үр дүнгийн илрэл гарч байгаа учраас баярлахгүй байхын арга үгүй юм.

Найман жилийн туршид тасралтгүй нөхөрлөсөн манай хоёрын амжилт ч чамгүй.  Хил хамгаалах байгууллагын бүхий л төрлийн шагнал, урамшууллаар удаа дараагийн хилийн зөрчил илрүүлэхдээ шагнагджээ. Хил хамгаалалтад албаны нохойг хилчид ашиглаж, үр дүнгээ өгч байгаагийн нэгээхэн илэрхийлэл энэ юм. Албаны нохой сургагч багш, ахлах ахлагч Н.Сэлэнгийн хувьд хилийн зөрчлийн үед цагийн байдлыг үнэлэх, бүлгийн даргын шийдвэрийг дагах, нохойгоо ажиглах гээд нарийн нягт ажиллагааг шаардагддагийг ярилаа. Нохой ямар үед, ямар шинж тэмдэг гаргадагийг тэрбээр алдахгүй “унших” үүрэгтэй.

“Hохой гүйгээд л, би хойноос нь гүйгээд л хэн нь түрүүлж ядарч унах вэ гэдгээ үзэх гэж байгаа биш дээ. Нордын хувьд мөр олохдоо улам бүр толгойгоо доошлуулж, мөрнөөс гарахдаа сүүлээ хөдөлгөн, эргээд орохдоо нягт үнэрлэн чигээрээ явдаг зантай. Хилийн манаанд явж байхад нохой аль чиглэлд харж, чимээ чагнаж байгааг нь сайтар анхаарах шаардлагатай. Энэ бүхнийг би гэрэл зургаар баримтжуулан, ажиглалт хийнэ. Нэг ширхэг тамхины иш, сэмэрхий даавууны өөдөс ч тухайн ажиллагаанд эцсийн баримт болох нь бий” гэлээ. Нохойг сургахын тулд хүнээс асар их тэвчээр шаарддаг. Жишээлбэл "суу" командыг ягштал биелүүлдэг болгохын тулд хэдэн зуу, хэдэн мянган удаа давтана. Нордыг сургахдаа тоглоом, хоол хоёрыг ашиглажээ.

Монголчууд нохойг өөрийн халуун ам бүлийн нэгэн гишүүнд тооцдог. Ахлах ахлагч Н.Сэлэнгийнх ам бүл зургуулаа. Тэдний дөрвөн хүүхэд Нордод тун хайртай. Ааваасаа Нордыг байнга аваад ирээч гэж гуйдаг байна. Түүний эхнэр утсан дээр чинь хүүхдүүдийн зурагнаас илүүтэй нохойны зураг байдаг гэж шүүмжилдэг талаар ярьж инээв. Хүүхдүүд нь ч амьтанд хайртай болон өсөж байгаад тэд баярладаг. Норд үүрнээсээ оргон тэдний гэрт хүрээд ирэх нь олонтаа. Нэг хөгтэй явдал болжээ. Нохой жилийн шинийн нэгний өглөө Норд алга болсон тул Сэлэнгэ аймгийн нүүр хуудсаар эрэл хайгуул болон зарлан сандарцгааж л дээ. Норд тэр хооронд гэрт нь оччихсон байж. Нохой жил ч гарч, нохой нь алга болж тэрийгээ аймаг даяар зарлуулсан хэрэгт мань хоёр унаж ангийн удирдлагаас шүүмжлэл хүртээд авсан гэнэ. Сэлэнгэ, Норд хоёр хот руу олон удаагийн арга хэмжээнд оролцсоор сүүлдээ Сэлэнгийнхний хэзээний танил болсон гэнэ. Автобусанд хоёр хүний суудал аваад л хамгийн хойно нь суучихна. Эхлээд гэрэвшиж байснаа сүүлдээ автобусаараа найз болцгоодог гэсэн.

“Онц хилчин” Норд

Норд, Сэлэнгэ хоёрын түүх товчхондоо ийм. Ахлах ахлагч Н.Сэлэнгийн мөрөөдөл нь нохойгоо “Онц хилчин” болгох. “Онц хилчин” гэх эрхэм тэмдгийг Норд эзнийхээ энгэрт 2017 онд зүүж өгсөн гавьяатай. 2016 оны аравдугаар сарын 11-нд хилийн салбарын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдэгтийн чиглэлд манай улсын 11 иргэн дотоодоос ОХУ-ын талд самар түүх зорилгоор гараад буцаж улсын хил зөрчин орж ирээд хилээс зургаан км зайд байрлаж байх үед албаны нохой ашиглан илрүүлсэн тул тэд шагнагджээ. Ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Х.Дамдинсүрэн, “Хил хамгаалах байгууллагын бүхий л шагналыг чи авч чадлаа. Одоо харин нохойгоо хэрхэн шагнах гэж байна даа” гэхэд нь сэтгэлдээ эрхэм бодол тээсээр өдийг хүргэжээ.

Энэ жил Норд арван настай. Тус үүлдрийн нохой ихэвчлэн 14 орчим насладаг аж. Хил хамгаалах байгууллагын түүхэнд нэртэй, зүстэй Нордыг алдаршуулахын тулд Хилийн 0243 дугаар ангийн удирдлагын зүгээс хөшөө барих, ном бүтээх төлөвлөгөө бий гэсэн. Улсын хил хамгаалалтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн үнэнч сайн анд, хэзээ ч, юунд ч хувираагүй итгэлт нөхөр, хилчин Нордын дууль ийм. Хилийн цэргийн түүхэнд, Хилийн 0243 дугаар ангийн хилчдийн сэтгэлд Норд баатар мэт үлдэж чадсан. Магадгүй тэр үүргээ л гүйцэтгэсэн ч амьтай бүхэн урмаар тэтгэгдэх учиртай. Албаны нохой гэдэг зөвхөн нохой сургагч нар, тухайн чиглэлийн цөөн хэдэн хилчдэд хамааралтай мэт ханддаг энэ асуудлын цаана улсын хил хамгаалалтын үр дүн, хилчдийн нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. Хил хамгаалах байгууллагын хувьд Норд тэдний түүчээ нь юм.

Албаны нохдын байгуулсан гавьяа, илрүүлсэн хилийн зөрчлийн тоог энэ мэтээр дурдвал чамгүй урт үргэлжлэх аж. Эрэлч нохой хүн хүч, техник хэрэгсэл, цаг хугацаа хэмнэдэг. Манай улсын хууль хүчний байгууллагууд ч албанд эрлийн нохойг ашиглаж, үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, гаалийн байгууллага хар тамхи илрүүлсэн нохой хөтлөгчийг хоёр өрөө байраар шагнаж байсан тохиолдол байдаг. ЦЕГ-ын нохой сургалтын төвийн хашаанд Руслан нэртэй нохойн хөшөө бий. Энэ нохой хэрэгтнийг хөөж явахдаа 12 удаа хутгалуулсан ч шархаа үл тоон дайрсаар гэмт этгээдийг барьж чадсан гэдгээрээ алдартай. Мөн Пума нэртэй нохой Ховдод илрэлгүй удаад байсан хүн амины хэргийг илрүүлсэн гээд үнэрч нохдын баатарлаг жишээ олон. 1990 оноос өмнө гавьяа байгуулсан нохойнд манай улсын хууль хүчний байгууллагынхан медаль, шагнал урамшуулал олгодог байсан юм билээ. Цагдаагийн хошууч цолтой нохой хүртэл байсныг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс хэлж ярьдаг.

Энэхүү нийтлэлээр албаны нохой сургагч нар болоод хилч нохдыг урамшуулах, алдаршуулах эрхэм зорилгыг шингээлээ. Хилийн ангиудад нохой сургагч нар мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй, ойрхон солигддог, хүн, нохой хоёрын хооронд итгэлт харилцаа үүсэх боломж хомс байдаг талаар хилчид ярьдаг. Тэгвэл хилийн эрлийн ажиллагаа болон хилийн манаанд албаны нохойг цаашид хүч нэмэгдүүлэн оролцуулж, улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашигласнаар хилийн эрэлч нохдын улсын хил хамгаалалтад оруулах хувь нэмэр асар их юм. Хүн, нохой хоёр ижил дасал болон хилийн зөрчил илрүүлнэ гэдэг амаргүй хөдөлмөр. Цаг хугацаа ч шаардлагатай. Гэхдээ тэд үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэсээр, хил хамгаалалтад хувь нэмрээ оруулсаар байгаагийн нэгэн жишээ Норд билээ. Тиймээс хилчдийн эрхэм шагналаар Нордыг шагнуулан алдаршуулахыг хүснэ. Түүх үлддэг шүү дээ...

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод зураг

Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв

Огноо:

,

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны  дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ

Огноо:

,

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.

“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.

Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.

2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.

Эх сурвалж: МУИС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 52 минут

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Тод мэдээ10 цаг 55 минут

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Тод мэдээ10 цаг 59 минут

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Тод мэдээ11 цаг 1 минут

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Тод мэдээ11 цаг 5 минут

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Тод мэдээ11 цаг 8 минут

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Тод мэдээ11 цаг 11 минут

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Өнөөдөр11 цаг 13 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр11 цаг 18 минут

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр11 цаг 20 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2024/03/27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инно...

Тод мэдээ2024/03/27

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны авто замд нүхэн эвдрэл засварлах ...

Өнөөдөр2024/03/27

ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа

Тод мэдээ2024/03/27

Бартаат замын туулах чадвар сайтай 16 автомашиныг хамгаалалтын 7 зах...

Тод мэдээ2024/03/27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны а...

Тод мэдээ2024/03/27

С.Чинзориг: Эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхийг бүхий л талаар ...

Тод индэр2024/03/27

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боло...

Өнөөдөр2024/03/27

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/26

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогто...

Өнөөдөр2024/03/26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/03/26

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/25

"Улаанбаатар марафон"-ы бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ2024/03/25

Хөлийн гол орчимд шар усны үер бууж, 30 орчим айл үерт автлаа

Тод мэдээ2024/03/25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхий...

Өнөөдөр2024/03/25

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2024/03/25

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Тод мэдээ2024/03/25

Энэ онд Шархад дэд төвд 110 айлын орон сууц ашиглалтад орно

Тод мэдээ2024/03/25

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг илрүүлжээ

Тод мэдээ2024/03/25

Нийслэлийн 34 хорооны 1306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хү...

Тод мэдээ2024/03/25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тэ...

Санал болгох