Үйл явдал
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.




Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
“Хасу эрчим” ХХК-ийн захирал Бадрахын Бат-Эрдэнэ,
“ЧБНБ” ХХК-ийн захирал Гүржавын Чинбат,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын албаны Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Ядамжавын Пүрвээ,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн тэнхимийн багш Диймаажавын Эрдэнэбаатар,
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Гончигдоржийн Хүүхэнхүү,
Гавьяат багш цолоор:
МУИС-ийн дэргэдэх Австралийн тэтгэлэгт сургалтын Монголын талын захирал Лувсанвандангийн Маналжав,
ШУТИС-ийн багш Баянжаргалын Цэрэндорж,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ядамсүрэнгийн Бямбаа,
Нийслэлийн Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Батаагийн Балжинням,
Нийслэлийн Баянгол дүүргийн УССТ-ийн захирал Лувсанжамцын Баттулга,
ШУТИС-ийн багш Чойжилийн Даваасамбуу,
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад багш Сосорын Пүрэв,
“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Чойжилсүрэнгийн Жачин,
Гавьяат барилгачин цолоор:
“Бэлийн цахир” ХХК-ийн захирал Тугалын Мягмар,
Архангай аймгийн “Гурван тамир” ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүй,
“Нео трейд” ХХК-ийн зөвлөх инженер Жамцын Галиндэв,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
Монголын уулчдын үндэсний холбооны дасгалжуулагч Жамсрангийн Баянцагаан,
Гавьяат хуульч цолоор:
Монгол хурандаа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Цоодолын Алтанцэцэг,
Гавьяат жүжигчин цолоор:
Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ганхуягийн Энхбаатар,
Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатар,
Дуурийн дуучин Энхболдын Анхбаяр,
Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын дуучин Гомбодоржийн Бямбажаргал,
Гавьяат мал зүйч цолоор:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмад настан, малзүйч Түвдэнгийн Ваанчиг,
Гавьяат малын эмч цолоор:
Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн ахмад ажилтан Жигжидийн Дамдинсүрэн,
Гавьяат механикжуулагч цолоор:
“Ургацын ундраа” ХХК-ийн захирал Лүүлүүгийн Ганболд,
“Орги тариа” ХХК-ийн захирал Цоодолын Тогоодой,
Гавьяат тамирчин цолоор:
Монголын хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор,
Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учрал,
Гавьяат тээвэрчин цолоор:
“УБТЗ” нийгэмлэгийн засварын машинт станцын ахмад ажилтан Доржийн Пүрэвжав,
Дорноговь аймгийн Сайншанд сумын ахмад настан Нансалын Баасанжав,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, ахмад тээвэрчин Жанцангийн Агваанцэрэн,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Батхүүгийн Жигжидсүрэн,
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Гомбын Гал-Эрдэнэ,
Гавьяат уурхайчин цолоор:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал,
“Баялаг-Орд” ХХК-ийн захирал Дашийн Чулуунбаатар,
“Их наяд” ХХК-ийн ахлах аудитор Чүлтэмийн Өлзийсайхан,
Ховд аймгийн “Ой ан интернэшнл” ХХК-ийн захирал Дагвын Жүгдэрбарам,
“Блью планет” ХХК-ийн зөвлөх Цэвгээгийн Тогтохбаяр,
Хүний гавьяат эмч цолоор:
Хэнтий аймгийн сум дундын эмнэлгийн их эмч Ядамдоржийн Дарьбазар,
Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн,
Гавьяат эдийн засагч цолоор:
Дархан-Уул аймгийн “Зөв сонголт зөв удирдлага” ТББ-ын тэргүүн Нэмэхийн Бэрцэцэг,
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Буланы Бейсен,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Үндэсний архивын газрын ахмад ажилтан Цагааны Дүүдий,
Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн, орчуулагч, сэтгүүлч Цэвэгжавын Цэрэн,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Хөх-Өвгөний Мөнхбат,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ахмад настан Болдын Сүхбаатар,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
Монголын эм зүйчдийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал Жамсрангийн Рэнцэн-Амгалан нарыг тус, тус шагналаа.
Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн төлөөлөн болгон:
Сүхбаатарын одонгоор Нийслэлийн Багануур дүүргийн өндөр настан Гочоогийн Аюурзана,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ахмад настан Гүнрэгжавын Отгонбаяр,
Алтангадас одонгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Тилеубердын Сайфолла,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Сүрэнжавын Алтантулга нарыг шагнаж, Төрийн дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө.
ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРХМҮҮДЭД ХАНДАЖ:
Манлайлагчид, гавшгайчид аа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө уламжлал ёсоор эрхэлсэн ажил, бүтээлээрээ тодорч, манлайлж гавшгайлсан хүмүүст Төрийн цол, одон медаль гардууллаа.
Өнөөдөр шагнагдаж буй манлайлагчдын дунд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байгаа хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав гуай байна. Бүтээл туурвилыг нь монголын төр удаа дараа үнэлж, Төрийн шагнал, Чингис хааны одон олгож байсан Б.Шарав гуайн хөгжмийн туурвилууд Монголын хилээс хальж, дэлхий дахинаа дуурьсах болсныг олон бүгд мэдэх билээ. Монголын уртын дууны өв уламжлалд тулгуурлан бүтээсэн Замбутивийн наран магтуу зохиолыг нь 1985 онд “ЮНЕСКО” хөгжмийн сан хөмрөгтөө бүртгэж, II симфони нь дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ үзэгдэл хэмээн мэргэжилтнүүдээс үнэлгээ авч байсан авьяаслаг хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг олгож байгаадаа баяртай байна.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Н.Жанцанноров гуайн Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн, үндэсний хэв маягийг орчин цагийн аястай уялдуулан бүтээсэн нь монголчуудад тодорхой агаад Монголын уламжлалт биет бус өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх, дэлхий дахинд Монголын соёл урлагийг түгээн таниулах, тархан суурьшсан монголчуудын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргаж манлайлсныг цохон тэмдэглэж байна. Танд баяр хүргэе.
Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах 8 мянга 252 км шугамыг тогтоон тэмдэглэж, газрын зургаар баталгаажуулан, НҮБ-аар Монгол Улсын газар нутгийн хэмжээг тодотгон баталгаажуулсан, 1970 онд Геодези зураг зүй, газар зохион байгуулалтын болон кадастрын албыг үүсгэн байгуулж, олон жил удирдан чиглүүлсэн, олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд зүтгэсэн нөр хөдөлмөрийг нь үнэлж Баатарын Рагчаад мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Танд баяр хүргэе.
Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан төмөр замын тээвэрт олон жил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай ханган, онцгой онцгой идэвих зүтгэл гаргаж, нөр их үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн Монгол Улсын хүндэт төмөр замчин, Гавьяат тамирчин Нямын Ширнэндугарт мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Танд баяр хүргэе.
Монголын олон мянган иргэдийн цохилох зүрхийг аварсан ачтан, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн Танд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолыг мөн олголоо. Эмч Ц.Даваацэрэн эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа нийт 39 мянга 658 иргэнд мэс заслын үйлчилгээг гардан үзүүлснээс 3 мянга 511 зүрхний мэс заслыг амжилттай хийжээ. Танд баяр хүргэе.
Урлаг соёлын салбарт 42 жил үр бүтээлтэй ажиллаж, ”Ацаг шүдний зөрөө” уран сайхны киноны Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгож байгаадаа баяртай байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн анхны гоолын эзэн, олон улсын хэмжээний мастер, Монголын хөл бөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Болдын Буман-Учралд Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. Хөл бөмбөгийн спортоос төрж байгаа анхны гавьяат тамирчин болж байгаад тань халуун баяр хүргэе.
Үндэсний архивын газарт 41 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеэ сургахад хичээл зүтгэл гаргаж яваа Цагааны Дүүдий гуай, хэвлэл мэдээллийн салбарт 1968 оноос хойш сурвалжлагч, судлаач, орчуулагчаар үр бүтээлтэй ажилласан Цэвэгжавын Цэрэн нарт мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байна. Та бүхэнд баяр хүргэе.
Шагнагдагсад аа, манлайлагчид аа
Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, төрийн өндөр цол, одон медалиар шагнагдсанд дахин баяр хүргэе!
Олон ардад хөдөлмөр бүтээл, манлайллын үлгэр жишээ болон хичээн зүтгэсэн та бүхэнд баярлалаа.
Сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол Улс мөнхөд оршиг” гэлээ.





Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2021/09/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав
-
Дэлхий нийтээр..2024/07/22
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа
-
Тод зураг2019/11/05
Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо
-
Үйл явдал2020/11/06
"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэ...
