Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгаас энэ сарын11-ний өдөр эхлүүллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч, ард иргэдийнхээ үгийг сонсохоор ирснээ дуулгаж, нас, насны иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв.
Хэнтий аймгийн Хурх тосгоны иргэн Ж.Энххуяг:

“…Надад хоёр санал байна. Нэгдүгээрт, коронавирусний улмаас эдийн засаг хүндэрч, айл өрхийн амьдрал хүндэрч байна. Тархан суусан малчид бол малынхаа хүчинд өлсөж цангахгүй байгаа боловч алсдаа Монгол Улсад хор хөнөөлтэй болж эхэллээ. Айл өрхийн амьдралд тун удахгүй гараа дүрж эхэлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд айл өрх, хувь хүний орлогыг нэмэгдүүлэх маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулмаар байна. Ингэхийн тулд төр засгийн хяналт, шалгалтыг хэмжээ хязгаартай болгохгүй бол айл өрхүүдийн жижиг үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн. Хувийн хэвшлийн жижиг байгууллагуудыг янз бүрээр дарамталж эхэллээ. Энэ тал дээр Та анхаарлаа хандуулж, тэр олон хориг, саадыг нь багасгах, зөөллөхөд анхаарч өгөөч.
Хоёрдугаарт, мал аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүн, махнаас бусад нь бүгд үнэгүйдлээ. Үүн дээр бодлогын яамд нь тодорхой арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ нэн яаралтай арга хэмжээ авч, арьс ширний үнийг өсгөх тал дээр арга хэмжээ авч ажиллахгүй бол малаас зарагддаг ганц зүйл нь мах боллоо. Түүхий эд, дотрыг бол зуун хувь хаяж байна. Уул нь энэ бол Монголын баялаг байх ёстой зүйл. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү.”
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн А.Ариунжаргал:

“..Сумандаа тулгамдсан асуудлыг яримаар байна. Манай сум 2013 онд Монгол Улсын отгон сум болж байгуулагдсан. Үүнээс хойш хилийн цэсийн асуудал огт хөндөгдсөнгүй. Хилийн цэсгүй, газар нутаггүй сум бий болсон байгаа. Манайх Дархан сумаа бодвол арай хөгжингүй, дэд бүтэц хөгжсөн учраас хүмүүс хүүхдүүдээ Бор-Өндөрт сургуульд өгөх сонирхолтой байдаг. Манайх сум дундын эмнэлэг, шүүх, прокурортой, бүх асуудал Бор-Өндөрт байдаг. Малчин өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай сумын хилийн цэсийн асуудлыг шийдэж өгөх боломж байдаг болов уу. Орон нутгаас уламжлах байх, та энэ асуудалд дэмжлэг үзүүлж өгөөч.”
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн, оюутан Х.Эрхэмбаяр:

“…Өнөөдрийн Монгол Улсад тулгамдсан асуудал нь боловсролын систем байна. Боловсролын систем маш муу, хүүхдүүд юу ч сурахгүй байна. Монголчууд өөрсдөө ийм арчаагүй байгаагаа сонгууль зэрэг зүйлд буруугаа чихдэг. Сонгуулийн буруу бол байхгүй. Хувь хүний, сонгуулийн боловсролгүйдээ ийм ядуу байгаа. Боловсролтой байгаач, зөв хүнээ сонгооч гэж хэлмээр байна.”
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Баярбилэг:

“…Бидний хувьд эрх чөлөө юунаас ч үнэтэй. Өнөөдрийн улс, нийгмийн байдлыг харахад, ялангуяа эрх баригчдын хэлж, хийж байгаа зүйлсээс харахад бидний хувь хүний болоод улс төр, нийгэм, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан үйлдлүүд маш их гарч байна. Эрх чөлөө бол Монгол Улсын иргэн бүрийн наад захын хэрэгцээ учраас Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллаж өгнө үү” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цаг үеийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулсан юм.




Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны нэгдүгээр сараас 5 дугаар сарын хооронд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 22 мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, иргэдийн санал бодол, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцон, тодорхой асуултуудад хариулт өгч ажилласан.
Аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр 3,165 иргэн өөрийн санал, хүсэлтээ илэрхийлснээс 1360 иргэн биечлэн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр санал, хүсэлтээ хэлсэн бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд тусган, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн билээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2023/07/26
Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэ...
-
Дэлхий нийтээр..2021/01/30
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө
-
Дэлхий нийтээр..2025/04/16
Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлц...
-
Үйл явдал2021/01/07
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.07/
