Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ.

Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм.

-“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон шийдвэрээ хэзээ гаргасан бэ?

-Сайхан арга хэмжээнд оролцох гэж байгаадаа баяртай байна. Сурталчилгаа явж эхлэх үед нь л гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад шийдсэн. Манайх 1997 онд Төв аймагт хувиараа оёдлын чиглэлийн хоршоо байгуулж байлаа. Чиглэлийн хувьд асар, аяны болон цэргийн майхан онцолж хийсэн. Тэгэхдээ Монгол уламжлалтайгаа хослуулсаар өнөөдрийг хүрлээ. Би эхээс есүүлээ. Тухайн үед эгч, дүү болон тэдний хүүхдүүдтэй хамтарч үйлчилгээгээ явуулдаг байсан. Гэр бүлийн бизнес гэсэн үг л дээ. Харин одоо тус тусдаа биеэ даагаа өрхийн үйлдвэрлэлээ эрхлээд сайхан амьдарч байна. Бид аль болох дахин давтагдалгүйгээр, шинэлэг санаатайгаар бүтээлүүдээ түгээхийг зорьдог. Мөн тухайн худалдан авагчийн саналыг сонсч, ямар нэгэн хээ угалз, байгууллагынх нь лого зэргийг байршуулахыг хүсвэл оёод л өгчихнө.

-Дээрх үндэсний шилмэл урчуудын үзэсгэлэнд танай гэр бүл ямар бүтээлээр оролцох вэ?

-Цагаан, цэнхэр хосолсон, өлзий хээтэй асар, гэрийн хэлбэртэй болон аяны майхнаар оролцоно. Гэрийн хэлбэртэй майханд хөдөөний айлууд сүү, цагаан идээ, ааруул, ээзгийгээ сэврээчих боломжтой. Илүү гэр л гэсэн үг. Нэг хүн 10 минутын дотор барьчихна. Багтаамжийн хувьд захиалагч хэдэн хүнийхээр хийлгэмээр байна тэр хэрээр нь л хийнэ.  

-Галлах боломжтой юу?

-Боломжтой. Зуухны яндан гарах нүхтэй. Яг л гэр гэсэн үг. Доторлогоотой хийвэл хүйтний улиралд ч хэрэглэж болно. Эрэг боолтоор биш оньсоор холбогддог тул барихад амар. Манай гэр бүлийн зорилго энэ загвараа эхний хугацаанд нийтийн хүртээлд хангалттай болгох. Цаашлаад брэнд үүсгэх.

-Материалын хувьд хэр чанартай вэ?

-Ихэнх хүн Хятадаас орж ирсэн аяны майхан хэрэглэдэг л дээ. Үүнтэй харьцуулахад тэс өөр. Борооны ус нэвтэрдэггүй хоёр давхар материалаар хийгддэг. Дөрвөн талаас нь гадсаар татаж уяад голоос нь дээш өргөөд л болоо. Зарим майхан шиг гуурсан рам ашиглахгүй. Дээр нь хурга, ишиг тонгочиж байсан ч нурдаггүй. Үүнийг бид реклам болгож яриад байгаа юм биш. Олон газар барьж явахдаа янз бүрээр туршиж үзсэн л дээ.

-Түрүүн та хүйтэнд ч бариад сууж болно гэж хэллээ. Тэгэхээр өвлийн улиралд ч тохиромжтой гэсэн үг үү ...

-Тийм. Загасчдад зориулж өвлийн майхан хийдэг. “Люмино” хамтлагийн ахлагч, MC буюу Д.Тэмүүжин өөрөө загвараа хэлж хийлгэж байлаа. Мөсөн дээр майхнаа барихдаа шаландаа цооног гаргуулсан. Ингээд майхан дотроо сууж байхдаа л өнөөх цооногоороо загасаа барьчихна. Том хэмжээтэй майхан хийлгэвэл хэдэн ч цооног гаргах нүх гаргуулж, хэдүүлээ ч хамаагүй загас барих боломжтой. Мөн ОХУ-аас шувууны зураг авдаг хүмүүс манайхыг зорин ирж дуран гарах хэмжээний нүхтэй өвөл, зуны майхан хийлгэж байлаа. Гэхдээ манайх нэг их реклам сурталчилгаа хийдэггүй ээ. Манайхаар үйлчлүүлсэн хүн аль нэг газар майхнаа барьсан байхыг зэргэлдээх хүн нь хараад л “Та тэр хүнд тийм сайхан майхан хийж өгсөн байна билээ. Надад хийгээд аль” гээд ирдэг. Энэ л бидний сурталчилгаа юм даа. Хаягдал материал их гардаг болохоор аяллын болон мишокны уут, машины дээвэр дээрх дугуй болон бусад зүйлийг тоосноос хамгаалсан цүнх ч хийж байна. Заримдаа мод, төмрөөр ч тохирсон зүйлсийг хийх нь бий.

-Зарим албан байгууллага, хувь хүн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлдэг л дээ. Танайх үүнд оролцож байв уу?

-Оролцож байсан. “Сайн” ломбардтай хамтарч өвөл утаа их гардан үед захын сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн цүнхэнд поспурттой уут 1000 ширхгийг хийж үнэгүй тараасан.

-Та бүхний хамгийн анх хийсэн бүтээл чинь юу байсан бэ. Ер нь яагаад энэ салбар руу орох болов?

-Дунд сургуульд сурч байхдаа би ах, эгч хоёртойгоо “Ну погоди”-г хэн нь илүү адилхан зурах вэ гэж өрсөлддөг байлаа. Тэр зураг тухайн үед ЗХУ-аас ирсэн сэтгүүлд хавсралт болж цувралаар ирдэг байсан юм.

-Тэгээд хэн нь илүү сайн зурдаг байсан бэ?

-Шүүгч байхгүй юм чинь ах, эгч хоёр л өөрсдийгөө гэж хэлдэг байсан. Уг нь би дутахааргүй зурдаг байсан л даа. Уг нь би зургадугаар ангид сурч байхдаа сумынхаа айлын хаалга дээр хээ зурж мөнгө олдог байлаа шүү дээ. Үүнээс гадна гарын алга хэртэй хуш мод олж сумынхаа төвийг дүрсэлдэг байсан. “Энэ нь манай сургууль, энэ нь захиргаа” гэхээр харсан хүмүүс “Нээрээ тийм байна шүү” гэдэг байлаа. Мөн айлын түлээн дээрээс жижгэвтэр нарс мод гуйж аваад хэвийн боовны хэв сийлсэн. Тэрүүгээр манайх олон жил хүүхдийн гар цайлгах боов хэвлэсэн дээ. “Содномын хэвийн боов” гээд бүр нэрлэчихсэн. Ер нь би юмхнаар юм хийдэг хүүхэд байсан. Тэр чанар маань өнөөдөр намайг энэ сайхан асар, майхан бий болгоход нөлөөлсөн байх. Манай эхнэр ч гол ажлыг нугална.

-Таны аав, ээжийн талд уран хүн бий болов уу?

-Байгаа. Аавын ээж 80 гарсан хойноо ганц ч удаа нүдний шил зүүлгүйгээр аавд Монгол гуталны оймсны хараа оёж өгч байсан гэдэг. Түүнчлэн намайг дунд сургуульд сурч байхад уран зохиолын номонд “Уран Гомбожав” гэсэн түүх гэмээр зохиол байдаг байсан. Сүүлд тэр хүнийг судлахад аавын ээжийн талын хүн байсан юм билээ. Тэр хүн огт зүгээр суудаггүй байж. Би нэг хачирхалтай түүх ярих уу.

-Тэг л дээ ...

-Зун нэг айлд ороод сууж байснаа “Өрхөө бүтээж бай” гэчхээд нэг ширхэг цагаан будаа бариад сууж. Тэгээд төд удалгүй өнөөхөө хүмүүст харуултал зааны дүрс бий болсон байсан гэдэг. Өрхний завсраар туссан нарийхан гэрэлд харж байгаад сийлэх нь илүү тохиромжтой байсан юм байлгүй. Одоо тэр хүний охин Феврал гэж хүн бий. Бид хоёртой уулзахдаа “Аавын минь хийж байсан юмнаас энэ л үлдэж” гээд гар буу үзүүлсэн. Тэр бууг хийх болсон түүх нь бас сонин. Нэгэн айлд очоод байж байтал тугалынхаа зэлний гадсыг бууны хошуугаар тогтоосон байж. Тэгэхээр нь “Энэ төмрөө надад өгчих. Оронд нь би гоё гадас хийж өгье” гээд модоор аятайхан гадас хийж өгчхөөд явж л дээ. Тэгсэн хожим тэр бууны хошуу охинд нь одоо байгаа тэр гар буу болж хувирсан байна. Ном зохиолд ч “Уран Гомбожавын хийсэн хаалга үнэ нь арай багадсан юм” гээд хаалга нь нээгдэж, хаагдах болгондоо дуугардаг гэсэн ам дамжсан гэмээр яриа байдаг даа. Нэгэн харамч баяныд хийж өгсөн хаалганы тухай. Энэ мэт тэр хүний тухай домог шиг яриа их бий. Мөн манай эхнэрийн талд уран хүмүүс их бий. Өвөө нь өндөр Жанрайсиг бурхныг бусад хүмүүстэй хамт бүтээлцэж байсан гэдэг. Гэрийн модыг ч янзтай сайхан хийдэг байсан юм билээ. Эмээ нь ч гэсэн оёж хатгахдаа гаргууд хүн байж. Бид хоёр залгаа сумынх болохоор хүүхэд байхаасаа хэн хэнийгээ мэднэ л дээ. Жанрайсиг бурхны өмнөх ширээг ээжийнх нь төрсөн дүү хийж байсан юм билээ. Өвөөгийнх нь хийж өгсөн шатар одоо ч бидэнд хадгалаастай байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөхөд орон сууц барьдаг компанийн захирлууд “Бид хүмүүст гэр орныг нь барьж өгдөг болохоор асар их буян үйлддэг” гэдэг. Та хоёр ч гэсэн ялгаагүй шүү дээ ...

-Тийм шүү. Бид хоёр яг л ингэж ярьж, билэгддэг. Асар, майхан гэдэг чинь хүн орох гэр л гэсэн үг. Үүнээс гадна бид нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг мөрөөддөг.

-Яаж ...

-Жуулчин их цугласан аймгуудад очиж адуу малтай айлын дэргэд Монгол гэрийн загвартай майхнаа бариад гэрээгээр хамтарч ажиллах. Эхний айлд нь унага барих ёсыг харуулах бол маргааш нь хонь хяргах, сүү цагаан идээ бэлтгэх зэргийг яг дэргэдээс нь үзүүлбэл гоё байх болов уу. Үндсэндээ Монгол ахуйгаа олон улсад сурталчлах хүсэлтэй байна.

-“Загасчны морь усгүй” гэсэн үг бий. Та хоёр өөрсдөдөө зориулж асар, майхан оёсон уу?

-Төрөл төрлөөс нь зөндөө оёсон. Гэвч хэн нэг нь харчихвал “Энийгээ л өгчих” гэсээр байгаад худалдаад авчихдаг. Зарим нь дотор нь орж сууж байгаад “Энэ майхан чинь сэтгэл татаад байна. Надад зарчих” гэж шалсаар байгаад нэг мэдэхнээ эвхээд зогсож байдаг. Яг өөрсдөдөө тохирсон майхныг хэдэн удаа хийлээ ч даанч тогтохгүй юм. Гэхдээ яалт ч үгүй хэрэг гарвал хэзээ ч хамаагүй оёчихно л доо.  

-Уяач, бөхчүүдийг манайхан их хүндэлдэг. Тэд ч та нараас майхан авч байгаа нь мэдээж. Хамгийн их билэгдэж тоссон хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Бөхчүүд нэг их майхан авдаггүй юм аа. Харин уяачид их авна шүү. Хамгийн их бахархаж, хүлээж авсан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү гуай. Баатар цолныхоо найрыг Баянцагаан сумандаа хийхдээ томоохон хэмжээтэй асар манайхаар хийлгэсэн. Хамгийн сүүлд Жонан Ханчэн гэгээнтэн, Налайх дүүргийн хийдийн гэрийн бүрээсийг битүү хээтэйгээр хийж гүйцэтгэлээ.  

-Олон жил энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа таниас асуухад хэдээс хэдэн оны үе хамгийн их борлуулалттай байсан бэ?

-Аль ч цаг үед ялгаагүй байдаг л даа. Манайд хийгдсэн майхан 21 аймгаас гадна хэдэн ч суманд тархсаныг мэдэхгүй юм. Түүнчлэн Тува, ОХУ-аас хүмүүс зорьж ирж хийлгэдэг.

-Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг үйлдвэрлэгч нарт олгодог. Гэхдээ бодит байдал ямар байна вэ?

-Яг үнэндээ олддоггүй. Манайх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 10 сая төгрөгийн л зээл авч байсан. Дээрх зээлийг компанид 20, хувь хүнд 10 саяыг олгодог юм билээ. Нэмж хэлэхэд манайхаас бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүс “Чанар сайтай юм байна” гэдэг. Энэ үгийг хэлсэн хүмүүсийн нэг бол Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц гуай юм. Тухайн үед олон тооны майхан оёулах тендер зарлахад чанараараа тэнцэх нэг ч компани байгаагүй гэсэн. Тэгээд арга ядахдаа урд хөршөөс баахан майхан татсан юм билээ. Дараа нь манай майхныг харчхаад дээрх үгийг хэлж байсан юм. Тэгээд ч тэр хүн 10 гаруй жилийн өмнө манай эгчээр нэг майхан оёулсан нь одоо болтол хэрэглэгдэж байгааг танилцах үеэрээ хэлж байсан.

-Ярилцсанд баярлалаа.   

































Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ. 

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ. 

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

•260 орчим орон тоог оновчтой болгож, 

•захиргааны зардлыг 10 хувь, 

•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 

•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна. 

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Огноо:

,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Үйл явдал2026/05/28

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Хэн юу хэлэв...2026/05/28

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, дав...

Үйл явдал2026/05/28

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж ба...

Үйл явдал2026/05/28

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрл...

Хэн юу хэлэв...2026/05/28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үйл явдал2026/05/28

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн ав...

Үйл явдал2026/05/28

Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бол...

Үйл явдал2026/05/28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/05/28

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Үйл явдал2026/05/27

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үйл явдал2026/05/27

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Үйл явдал2026/05/27

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Хэн юу хэлэв...2026/05/27

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Үйл явдал2026/05/27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/05/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Үйл явдал2026/05/27

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Үйл явдал2026/05/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Үйл явдал2026/05/26

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Санал болгох