Тод мэдээ
Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаманд болов.
Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.
Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.