Тод индэр
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж, Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгох шийдвэрийг гаргалаа.
Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.
Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
-
Тод мэдээ2024/01/09
Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэ...
-
Тод мэдээ2025/03/19
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа
-
Тод мэдээ2025/05/05
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт...
-
Тод мэдээ2022/05/24
Хашаандаа ямар мод тарих вэ?