Хэн юу хэлэв...
Ж.Гантулга: Суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байна
Цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт зогсож, теле, цахим хэлбэрт шилжсэн. Сурагчдын боловсролын чанар муудаж, хоцрогдол гарч байгаа талаар эцэг, эхчүүд ярьж буй. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийслэлийн Боловсролын газрын зорилго, чиг үүргийг танилцуулна уу?
-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг арга зүйн болон захиргааны удирдлагаар ханган ажилладаг. Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 600 гаруй цэцэрлэг, 270 орчим сургууль байна.
-Цар тахалтай энэ үед цахим, теле хичээл орж байгаа. Үр дүн хэр байгаа вэ?
-Улсын Онцгой комисс, Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гаргаж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2020 оны хоёрдугаар сарын 3-наас эхлэн теле хичээл хэлбэрээр сургалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын хичээл теле хэлбэрээр явсан. 2021 оны хичээлийн жил эхлээд эхний 11 долоо хоног танхимаар хичээллэсэн байна. Дотооддоо халдвар бүртгэгдсэний улмаас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 18 буюу нэгдүгээр улирлын амралт хүртэл цахимаар хичээллэсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлж, мөн цахим хэлбэрээр гуравдугаар сарын 26 хүртэл хичээллэлээ. Гуравдугаар улирлын хичээл эхлээд дөрвөн 7 хоног цахим хэлбэрээр явж байна. Үлдсэн таван 7 хоногийн хичээл мөн цахим хэлбэрээр явагдах төлөвлөгөөтэй байна. Бид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Сургалт танхимын хэлбэрээр явагдахад үр дүн өндөр байдаг. Цоо шинэ буюу теле, цахим хэлбэр рүү шилжсэнээс болж үр дүн хангалттай биш, хоцрогдол үүсэж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Зайны сургалтын чанар, үр дүнг сайжруулахаар Нийслэлийн Боловсролын газраас хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрөө нийслэлийн хэмжээнд боловсролын 1000 гаруй байгууллагад хэрэгжүүлж байна.
-Хөтөлбөрт юу тусгасан бэ?
-Энэхүү хөтөлбөрт Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зөвлөлдөх багууд юу хийх вэ, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсроын байгууллага юу хийх вэ гэдгийг зааж өгсөн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр сургуулийн орчинд давтлага зохион байгуулах, эсэхийг шийдвэрлэнэ, сургууль, цэцэрлэг болгон өөрсдийн төлөвлөгөө гарган ажиллана. Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гаргаж ажиллана гэх мэтчилэн нарийн зааж өгсөн. Сургуульд заах аргын нэгдэл байдаг. Заах аргын нэгдэл, багш нар юу хийхийг мөн зааж өгсөн. Нийслэлийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 112 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуудьд 317 мянган хүүхэд сурдаг. 2020 оны арваннэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 86.3 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 78.7 хувь нь теле, цахим хичээлд хамрагдсан байна. Арванхоёрдугаар сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 87 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 82 хувь, хоёрдугаар сард сурагчдын 88 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 80 хувь, гуравдугаар сард сурагчдын 90 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 87 хувь хамрагдсан. Дөрөвдүгээр сар гарснаас хойш теле, цахим хичээлд хамрагдах хувь өсөж байгаа. Үүнээс бид хоцрогдол арилгах хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багш нар, эцэг эхчүүдтэй холбогдон ажиллаж байгаа. Зайнаас холбогдох боломжгүй хүүхдүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг бид долоо хоногоор гаргадаг. Өнгөрсөн долоо хоногт сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн 93 хувь нь теле хичээлд хамрагдаж, 6.57 хувь буюу 15.414 хүүхэд хамрагдаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнээс 8.32 хувь буюу 1283 хүүхэд нь эрүүл мэндийн, 7200 хүүхэд тасалсан, 2700 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй, 4000 хүүхэд бусад шалтгаантай байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 91.51 хувь нь теле, цахим хичээлд хамрагдаж, 8.49 хувь буюу 27 мянга орчим сурагч хамрагдаж чадаагүй. Теле, цахим хичээлд хамрагдаж чадаагүй сурагчдын долоон хувь нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоёр хувь, багштайгаа холбоо барьж чадаагүй сурагчид 20 хувь, интернэт орчин байхгүй сурагчид 33 хувь, телевиз байхгүй шалтгаантай дөрвөн хувь, гар утасгүй сурагчид 12 хувь, дата авах боломжгүй сурагчид 21 хувь гэсэн судалгаа гарсан.
-Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг яаж гаргаж байна вэ?
-Бид бүх сургууль, цэцэрлэгээс ирц, теле, цахим хичээлийн хамрагдалтын мэдээ авдаг. Багш цахим хичээл заахдаа судалгаа авдаг. Багшийн судалгааг сургуульдаа нэгтгэнэ, сургуулийн хүснэгтийг дүүрэг нэгтгэнэ, дүүргийн хүснэгт нийслэлийн хэмжээнд нэгтгэгдээд Нийслэлийн боловсролын газарт ирдэг. Энэ нь анхан шатны бүх байгууллагаас нэгтгэгдээд ирж байгаа тоо юм. Бид энэ судалгааг долоо хоног бүр шинэчилж гаргадаг. Нийслэлийн Боловсролын газрын нэг албан хаагч албан хуваарийн дагуу долоо хоногт таван сургуультай холбогдож байгаа. Таван сургуультай онлайнаар холбогдоод, хоцрогдол арилгах төлөвлөгөө, теле, цахим хөтөлбөрийн хэрэгжилт, сургууль дээр ямар асуудал гарч байгааг судалгаагаар авдаг. Энэ явцдаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг. Теле, цахим хичээлийг хэрэгжүүлэх явцад хаана, ямар сайн туршлага гарч байна, аль сургууль, ямар туршлага хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна гэдгийг түгээн дэлгэрүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газарт бүх судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд байдаг. Мэргэжилтнүүд зөвлөлдөх баг ахлаад теле, цахим хичээлийг яаж заавал үр дүнтэй байх талаар арга зүйн зөвлөгөө өгөн ажилладаг юм. Бүх багш хичээлээ компьютероор зааж байгаа энэ үед компьютерын саадгүй ажиллагааг хангахын тулд бид бизнесийн байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 14.000 багшид, цэцэрлэгийн болон насан туршийн боловсролын байгууллагын багш нарын тодорхой хувьд “windows defender” гэдэг вирусийн программыг үнэ төлбөргүй өгсөн.
-Цахим хичээл орж эхэлснээс хойш алдаа, оноотой зүйл их гарч байгаа. Үүнд эцэг, эхийн оролцоо бас чухал байна уу?
-Танхимын сургалт явагддаг байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулаад, хүүхдэд боловсрол олгох нь боловсролын байгууллагын ажил болдог байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын сургалт хаагдаж, хүүхдүүд гэр бүлийн орчноос цахимаар холбогдож байгаа үед эцэг, эхчүүд хүүхдэдээ боловсрол олгох тал дээр анхаарал хандуулж, илүү идэвхтэй оролцож, хүүхдүүдийнхээ чадаж байгаа, чадахгүй байгаа зүйлд анхаарч, багш нартай холбогдож, хүүхдээ ямар түвшинд байгааг асуух, юун дээр анхаарах талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдэдээ хүмүүжил олгох, боловсрол олгох ажлыг дан ганц боловсролын байгууллагын ажил гэж туйлширч ойлгож болохгүй. Энэ бол боловсролын байгууллага, эцэг, эхийн хамтын ажиллагааны үр дүнд болдог зүйл. Боловсролын байгууллага хүүхдүүдийг дэргэдээ байлгах боломжгүй байгаа энэ нөхцөлд эцэг, эхчүүд маань хүүхдэдээ анхаарал хандуулах, хүүхдийнхээ хичээлд оролцох, хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тэгэхдээ зөвхөн хичээлээ хий гэж шахахаас илүү цахим хэрэглээг тохируулж, сэтгэл санааны хувьд ч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Нийслэлийн Боловсролын газраас багш, эцэг эхчүүдэд юуг анхааруулах вэ?
-Цахим, зайны сургалтын үед багш, боловсролын байгууллагын албан хаагчдын ачаалал нэмэгдсэн. Тиймээс эцэг, эхчүүд, багш нар маань хэн хэндээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, бие биеийнхээ ажлыг ойлгох хэрэгтэй. Бидний зорилго бол хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө ажиллаж байгаа. Эцэг, эхчүүд маань дор бүрнээ хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавьж, хүүхдэдээ ойр байхыг хүсэж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Үйл явдал2025/03/12
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хув...
-
Дэлхий нийтээр..2021/08/04
Ажлын хэсгийн гишүүд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсн...
-
Чөлөөт бүс2019/08/20
“Цаатны наадам-2000 цааны баяр” боллоо
-
Үйл явдал2022/01/29
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
