Тод мэдээ
Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар болов
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.
Үүний дагуу Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна гэж Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл