Тод мэдээ
УОК: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах түр журмыг хүчингүй болголоо

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдлээ. 5286 хүн эдгэрлээ. Маш хүнд 384 иргэн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө.
Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, мөн ор нэмж дэлгэвэл эрүүл мэндийн байгууллага үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэл гарахаар байна гэж тэрбээр танилцуулав.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүлээж буй 200 өвчтөн байна. Хүнд, хүндэвтэр өвчтөнөө эмнэлэгт эмчилж, эндэгдэл гаргахгүй байхад эрүүл мэндийн салбарт анхаарч байна гэв. Гэсэн ч нөөц боломж гаргаж, нийслэл болон орон нутагт 684 ор нэмэхээр болжээ.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг саналыг саналыг тавьжээ.
Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшмал гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 22.00 цагаас хойш ажиллахыг хориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.
Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо. Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.
Гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ.
Тод мэдээ
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Энэ удаагийн төрийн айлчлалаар:
- Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
- Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
- Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
- Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
- БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
- БНЭУ-тай хамтран хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцлоо.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
- Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана.
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
- Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
- Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
- Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс сууриа тавилаа.
- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.
- Айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
- Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ.
Тод мэдээ
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод индэр2020/11/13
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уриалга гаргалаа
-
Тод мэдээ2025/01/22
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлт...
-
Тод мэдээ2025/04/15
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI уулзалт болл...
-
Тод индэр2024/08/09
Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна