Тод мэдээ
“Токио-2020” зуны олимп, паралимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш хагас зууны дараа, цар тахлын үед зохиогдсон “Токио-2020” зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Амаргүй сорилт дундаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсанд Ерөнхий сайд баяр хүргэлээ.
Сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан үндэсний таван хороо байгуулсны нэг нь Олимпизмийг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх хороо юм. Энэ хүрээнд Монгол Улсад олимпизмийг дэлгэрүүлж, эрүүл, эртэч, жингийн илүүдэлгүй, боловсролтой монгол иргэнийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлснээ Ерөнхий сайд тэмдэглээд олимпын тамирчдыг энэ хорооны ажилд манлайлан оролцохыг урилаа.
Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай асуудлуудыг Засгийн газар анхаарч дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөл, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд дурдаад Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг олон удаа эгшиглүүлэн Төрийн далбаагаа мандуулахын ерөөлийг дэвшүүллээ.
“Токио-2020” наадамд амжилт гаргасан дараах тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд шагнал мөнгөн шагнал гардууллаа.
Монгол Улсын Төрийн далбаагаа олимпын тэнгэрт мандуулсан бахдам амжилт, дэлхий дахинд эх орноо сурталчлан таниулж, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдол, үлгэр дуурайллыг үзүүлсэн дараах тамирчдад “Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай” Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа.
1. Токио-2020 Паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээд орон сууц, 120 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
2. Токио-2020 Олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллайд орон сууц, 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
3. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
4. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
5. Токио-2020 Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа орон сууц, 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
6. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарт 45 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
7. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
8. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгад 15 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
9. Пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардуулав.
Мөн олимпын наадамд амжилттай оролцож, IV, V байр эзэлсэн болон анх удаа багийн спортын төрлөөр оролцсон тамирчид, олон улсын шүүгчийн эрх авч шүүгчээр ажилласан шүүгч нарт нэг удаагийн мөнгөн урамшуулал, Ерөнхий сайдын батламж гардуулав. Үүнд,
1. “Токио-2020” олимпийн наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
2. “Токио-2020” олимпын наадмын шагналт 4 дүгээр байрт шалгарсан, гавьяат тамирчин, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
3. Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
4. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
5. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хонгорзулд 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
6. “Токио-2020” олимпын наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
7. “Токио-2020” паралимпийн наадмын шагналт 5 дугаар байрт шалгарсан Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
8. “Токио-2020” олимпын наадамд анх удаа багийн спортын төрлөөр эрх авч оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад 30 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
9. “Токио-2020” олимпын наадамд Хүндийн өргөлтийн тэмцээнд шүүгчээр ажилласан Л.Одгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
10. “Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
11. “Токио-2020” олимпын наадамд байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
12. “Токио-2020” олимпын наадамд боксын шүүгч Т.Цогтгэрэлд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж;
13. “Токио-2020” олимпын наадамд пара триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.
14. “Токио-2020” зуны олимп, паралмпийн наадамд оролцсон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон бэлтгэлийн хувцасны иж бүрдлийг үйлдвэрлэн нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Мичел Амазонка ХХК-ийн хамт олонд төлөөлж захирал Ч.Мөнхжаргалд 10 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардууллаа.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод мэдээ2023/11/30
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Тод мэдээ2022/05/09
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг хийх эмнэлэг болон харьяалах хороо
-
Өнөөдөр2023/05/01
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой
-
Тод мэдээ2023/06/20
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой тохиож байна