Хэн юу хэлэв...
А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ
Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм. Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Улаанбаатар марафон-2022”-ын бүртгэлийг технологийн дэвшил ашиглаж хийж байгаа. Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ. Урьд өмнөх марафонд хэдэн хүн оролцож байсан бол?
-НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2022”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байдаг. Хамгийн анхны буюу 2014 оны марафонд 14 мянган хүн анх оролцож байсан бол 2018, 2019 онд 30 мянга гаруй хүн оролцсон. Энэ жилийн хувьд мөн 30 мянга орчим хүн оролцоно гэж тооцоолж байна. Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.
Бүртгэлийг хоёр сувгаар хийж байна. Тухайлбал, вэб сайтаар буюу www.ubmarathon.hipay.mn сайт руу нэвтрэн гүйх төрлөө сонгон бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн HiPay аппликэйшнээр дамжуулан бүртгүүлээрэй.
-Гадаадын улс орнуудаас хэдэн тамирчин оролцох бол?
-“Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.
-Мэргэжлийн тамирчид хэрхэн, яаж оролцдог вэ?
-Мэргэжлийн тамирчид хагас, бүтэн марафонд ихэвчлэн гүйнэ. Энэ жилийн хувьд мэргэжлийн тамирчид маань хамгийн түрүүнд маш идэвхтэй бүртгүүлж байна.
-Марафонд оролцогчдын насны ангилал болон зай, маршрутын тухайд тодорхой мэдээлэл өгнө үү?
-Зай, маршрутын тухайд 42 км-ийн бүтэн, 21 км-ийн хагас марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана. Мөн 10 км-ын марафонд 18-аас дээш насныхан, 5 км-т 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын дийлэнх олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын гараа бас бий.
-Тавдугаар сарын 26, 27 буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр энгэрийн тэмдэг, чипийг хүмүүст өгнө гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.
-“Улаанбаатар марафон-2022”-той холбоотойгоор авто замд хөдөлгөөн хязгаарладаг. Хэдэн цагаас хаагуур зам хаах вэ?
-Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм.
-Марафоны гараа хаанаас эхлэх вэ?
-Марафоны гараа Соёлын төв өргөөний үүдэнд байх юм. Бариа ч мөн уг газарт байна.
-Марафон гүйлтийн шагналын санг танилцуулж болох уу?
-“Улаанбаатар марафон-2022”-ын шагналын сан өндөр байдаг. Зай төрөл бүрд эрэгтэй, эмэгтэй 10 байр шалгаруулж, шагнал гардуулдаг. Хамтрагч байгууллагуудаас мөн бэлэг өгдөг. Шагналын хэмжээг нарийвчлан мэдье гэвэл манай марафонд оролцоорой.
-Гүйлтэд оролцогчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Марафонд оролцогчид Эрүүл мэндийн төвүүдэд очиж, даралт болон пульсээ үнэ төлбөргүй хянуулах боломжтой. Мөн усны цэгүүдэд ч эрүүл мэндийн үйлчилгээ бий. Гүйх үед шөрмөс татах гэх мэтээр гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож, тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл хангасан гэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2024/10/09
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл энэ сарын 10-нд эхэ...
-
Үйл явдал2021/01/04
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/08/23
Төв аймгийн зарим сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Үйл явдал2023/11/17
ЦЕГ: Түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэн, шүүхэд шилжүүллэ...
