Тод индэр
Б.Гансүх: Галт зэвсгийн тооллого ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ бүртгүүлэх, шилжүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүхээс тодрууллаа.
-Улсын хэмжээнд “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд /2022.12.08-ны өдрийг хүртэл/ зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээ нь холбогдох хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг.
-Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд хэрхэн, хаана, ямар материал бүрдүүлэн очиж галт зэвсгээ тооллогод хамруулах вэ. Ингэхдээ юуг анхаарах вэ?
-Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсгээ гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хамт авч ирэх юм. Галт зэвсгээ биет байдлаар авч явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол та өөрийн галт зэвсгийн зургийг авч очих шаардлагатай. Галт зэвсгийг авч явахдаа өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, зориулалтын гэр, саванд хийж явахыг анхааруулъя.
-Галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд энэхүү арга хэмжээнд хэр идэвхтэй хамрагдаж байгаа вэ?
-Улсын хэмжээнд 2018 онд 78.1 хувь, 2019 онд 94.0 хувь, 2020 онд 88.0 хувь, 2021 онд 93 хувь нь тооллогод хамрагдсан байдлыг харвал манай иргэд үүрэг, хариуцлагаа маш сайтар ухамсарлаж байгаа нь харагдахаар байгаа. Энэ оны галт зэвсгийн тооллого өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 79 хувьтай байна.
-Галт зэвсэг эзэмшихэд иргэн, хуулийн этгээд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах вэ?
-Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.
Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, зөвшөөрөл авдаг. Мөн иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт буюу хөдөө оршин суудаг иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.
Харин иргэн өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гагцхүү та галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас ямар нэгэн байдлаар худалдаж авсан юм уу бэлгэнд авсан бол Галт зэвсгийн тухай хуульд заасанчлан холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ аман хэлэлцээр болон бичгэн гэрээ хийж цагдаагийн байгууллагад мэдэгдэн шилжилт хийлгүүлээгүй нэгэндээ шууд хэлбэрээр өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруйдаа цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлэх хэрэгтэй.
-Та түрүүн галт зэвсэг эзэмшихийн тулд иргэдийг сургалтад хамрагддаг гэж хэллээ. Тухайн сургалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг уу?
-Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Засгийн газрын Хууль зүйн асуудал эрхэлсэн гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөө батлан Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг. Сургалтаар галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах, галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулан шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.
Иргэд энэ сургалтад хамрагдах хүсэлтэй бол Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 70190092 дугаарын утсаар бүртгүүлж, хамрагдах боломжтой.
-Галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн хуулийн этгээд жил бүрийн тооллогод хамрагдаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Галт зэвсгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасанчлан жил бүрийн тооллогод хамрагдаагүй иргэнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Тод индэр
П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?
-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?
-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.
Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.
-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?
-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.
-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.
Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.
Тод индэр
Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн.
Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.
Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна.
“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа.
"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.
Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл, Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.
Тод индэр
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
-
Тод мэдээ2020/11/25
Өмнөговь аймгийн 2021 оны төсвийн төслийг өргөн барьлаа
-
Тод мэдээ2021/04/15
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон ш...
-
Өнөөдөр2024/08/29
Зорчигч үйлчлүүлэгчдийн анхааралд!
-
Тод мэдээ2022/12/12
Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна