Тод мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 гаруй гишүүн оролцов. Мөн 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоод цахимаар оролцсон юм.
Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстой. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ бол хүний хөгжлийг нэгдүгээрт тавьсан бодлого гэдгийг тодотгоод “Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ. Дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ч, Үйлдвэрчний эвлэлийн ч гол зорилго. Хөдөлмөрийг үнэлдэг байх реформ руу шилжихэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Засгийн газар өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ” гэлээ.
Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлтэй хамтарна” гэдгийг тэмдэглэв. Оролцогчдын зүгээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт боловсон хүчний хомсдол бий болсныг төр анхаарах, иженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж, санал бодлоо хэллээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүн, кабинетын гишүүдийн хамт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзаж, нийгмийн шинэ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцаж байгаагүй. Энэ удаагийн уулзалт түүхэн ач холбогдолтой. Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайг илрүүлэх, шударга бус явдалтай хийх тэмцлийг дэмжиж ажиллана" гэлээ.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод мэдээ2024/05/27
СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа
-
Тод зураг2019/09/05
Зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байсан зөрчлийг ...
-
Өнөөдөр2022/05/24
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
-
Тод мэдээ2022/04/04
ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох талаарх нэр дэвшигчийн сонсгол болно...