Дэлхий нийтээр..
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэн амжилттай дуусган, хамтарсан зохицуулах хорооны хурлыг өнөөдөр /2023.02.02/ зохион байгууллаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон япон мэргэжилтнүүд та бүгдэд талархлаа илэрхийлье.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсад ирж ажиллах боломжгүй болсон ч төслийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгаж, бид бүгд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд төсөл амжилттай дууслаа.
Өнгөрсөн хугацаанд төсөлтэй холбоотой 2 стандартыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргаар батлуулан хэрэгжүүллээ. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид 30 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, лабораторийн туршилт хийх сургалтуудыг амжилттай зохион байгуусан. Мөн 2021 онд ЗТХЯ, ЗТХТ-с 2 загвар төслийг, 2022 онд Нийслэлийн замын хөгжлийн газраас мөн 2 загвар төслийг санхүүжүүлж, нийт 4 загвар төслийг амжилттай хэрэгжүүлэн, загвар төслийн эхний мониторинг үнэлгээ хийсэн байна.
Төслийн хүрээнд хийгдсэн туршилт, загварын төслийн талаар эрдэм шинжилгээний өгүүллэгийг хамтран бичиж, олон улсын хуралд илтгэл тавьж, эмхэтгэлд нийтлүүлж, 2019, 2022 онд 19 мэргэжилтнийг Япон Улсад сургалтад хамруулсан байна. Төслийн техникийн семинарыг 2022, 2023 онд 2 удаа зохион байгуулж, нийт 200 авто замын инженер, техникийн ажилтныг хамруулсаныг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны хурлаар төслийн хүрсэн үр дүнг эцэслэн дүгнэнэ" хэмээн хэллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2022/02/09
М.Баяраа: Аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн дэмжлэг зөрчил гэж ойлгогдсон
-
Үйл явдал2024/09/30
“10-р хороолол” орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өглөө
-
Дэлхий нийтээр..2023/04/25
АТГ: Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
-
Үйл явдал2025/06/02
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
