Дэлхий нийтээр..
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авилгатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно
“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. “Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авилгын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ.
Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авилгатай хийх тэмцэл эрчимжиж байна.
Авилгын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо бөгөөд авилгын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж байна гэж тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов.
Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.
Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.

5Ш ажиллагаа дотроос Шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болоход маш том хувь нэмэр болно гэж Ажлын хэсгийн дарга хэлээд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтарч ажиллахыг уриаллаа.
”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэж хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Гэхдээ нөгөө талаас иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуултад “Үр дагавраас айдаг” гэсэн байдаг. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байна гэдгийг Ажлын хэсгээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
