Тод мэдээ
Монгол Улс, Уругвай Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, уругвайн талаас Гадаад харилцааны дэд сайд Николас Альбертони нар ахлан оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2022 онд тохиосныг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр талын хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолж, чингэхдээ, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх, хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх салбараар тодорхойлж, Уругвайн мал, амьтныг бүртгэлжүүлэх, тогтолцоог бий болгосон туршлага, холбогдох хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, зохицуулалтыг судалж хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, санамж бичиг байгуулсантай холбогдуулан, улсынхаа нийгэм, эдийн засаг, соёлын төв болсон нийслэл хотуудын харилцааг хөгжүүлэх, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2023/04/13
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтын талаар...
-
Тод мэдээ2023/12/13
Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарлалаа
-
Өнөөдөр2022/08/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод индэр2024/12/25
Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг ...