Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1944 оны 04 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрт ёсыг сахиулах, иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг хангах ээлжгүй манааны тэргүүн шугамд зогсож, Монгол Улсын Зэвсэгт хүчин, тусгай чиг үүрэгтэй албадын үйл ажиллагааны бахархал, нэр хүндийн илэрхийлэл болсон Та бүхэнд Монгол генералын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье гэлээ.
Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол генералын бахархлыг өргөн мандуулахад чиглэдэг гэдгийг УИХ-ын дарга онцлоод, алтан мөрдөстэн Монгол генералуудын сүр жавхлан, золбоо хийморь, мэдлэг ухаанаар Монголын ард түмэн үеийн үед бахархсаар ирсэн эрхэм хүндлэл мөнх оршино гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, XXI зуунд хүн төрөлхтөн мэдлэг, мэдээллийг эрхэмлэж, шинжлэх ухаан, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, өндөр технологи нь бидний салшгүй хэрэглээ болжээ. Түүний ачаар дайн, халдварт өвчин, байгалийн гамшгийн үзэгдлүүдийг дэлхий нийтээрээ хянаж сурлаа. Гэвч их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй сөргөлдөөн, шинэ хүйтэн дайны аюул, гаднын зөөлөн хүчний бодлого, цэрэг, дипломатын харилцааны ярвигтай асуудлууд бидэнд олон талт сорилтыг бий болгож байгаа билээ.
Шинэ төрлийн хосолмол дайны зорилго нь ардчилсан улс орнуудын хувьд парламентат тогтолцоог нь онилж, мэдээлэл, сэтгэл зүй, цэрэг-улс төрийн нөлөөллийн арга технологийг ашиглан тогтворгүй байдал үүсгэхэд чиглэх болсныг та бүгд анзаарч буй биз ээ.
Манай улсын хувьд их гүрнүүдийн геополитик, геостратегийн сөргөлдөөний талбар болох эрсдэл өнөөгийн цаг үед тулгарч байна. Тиймээс аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэхэд эрхэм генерал та бүгдийн мэдлэг, туршлага, бодлого, зөвлөмж нэн чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэе.
Хүндэт генералууд аа,
Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.
Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ.
Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генералууд ялгуусан энэ уламжлалаа ямагт нэр төртэй сахин хадгалж, дэлхийн халуун цэгт ч энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол цэргийн хийморь жавхааг ертөнцөд дуурсгасаар байгаад талархал илэрхийлье.
Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе гэлээ.
Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 79 жилийн хугацаанд 216 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртжээ.
Тэдгээр эрхэмүүдийг төлөөлөн генерал С.Баасанхүү үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын генералууд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах, хил хязгаарын халдашгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтуудыг шийдвэрлэх үйл хэрэгт манлайлан оролцож ирсэн. Тэдгээрийн хүмүүсээс Монгол Улсын баатар зургаа, хөдөлмөрийн баатар гурав, Монгол Улсын гавьяат цолтон 30, Монгол Улсын Их, Бага хурлын гишүүн, сайд, Элчин сайд, дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг 28 хүн хашиж ирсэн. Дайн байлдаанд 34 хүн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 18 хүн оролцжээ.
Өнөөдөр амьд сэрүүн байгаа 116 генерал цолтны 38 нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Хамгийн өндөр настан нь 99 насыг зооглоод байна. Монгол Улсын генералууд төрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт урьдын адил манлайлан оролцох болно хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон генералуудтай дурсгалын зураг авахууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/08/25
Таван хошуу малын дүрст хөгжмийн зэмсгийг уран бүтээлчдэд гардуулж өглөө
-
Тод зураг2020/04/06
Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ
-
Үйл явдал2023/01/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/01/16
Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч байна
