Дэлхий нийтээр..
"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал, дүгнэлт гаргалаа
Тухайлбал, “Эдийн засаг”-ийн салбар хорооны хуралдаанаас цар тахал, геополитикийн хүндрэлтэй хүнд үе байсан ч манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эдийн засгийн зорилт арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ. Ингэхдээ “Эдийн засаг” зорилгын хүрээнд 13 үзүүлэлтийг шалгуур болгосноос дийлэнхийг нь амжилттай хангаад явж байна. Жишээ нь, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар 7.9 хувьд хүрч цар тахлын өмнөх түвшиндээ хүрч зорилтоо хангаж байгаа бол нэг хүнд ногдох ДНБ 5000ам.долларт хүрээд байна. Экспорт гэхэд л 2022 онд 12.5 тэрбум ам.долларт хүрч өслөө. Энэ бүхэн нь өнгөрсөн гурван жилд цар тахал, дайнаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсныг харуулж байна гэж үзжээ.

Цаашид Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг ахиулж холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талдаа эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгосноор хөгжлийн бодлогын зорилго хангагдана гэж салбар хорооныхон дүгнэлээ.
Харин “Засаглал”-ын салбар хорооныхон төрийн албан хаагчдыг ухаалаг засаглалын тухай нэгдсэн ойлголттой болгож, бодлогын хэрэгжилтийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх замаар бүтээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Засаглалын хүрээнд иргэн–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газраас төрийн бодлогын хэрэгжилтэд анхан шатны нэгжийн удирдлага, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэлээ.
“Үндэсний нэгдмэл үнэт зүйл”салбар хорооныхон салбарын хүний нөөцийн бодлого, албан хаагчийн мэдлэг, чадвар, ажиллах орчныг сайжруулах, аймаг тус бүрийн онцлогийг шингээсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын салбар нэгдсэн нэг стандарттай байх ёстой гэж дүгнэв. Мөн биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, соёлын аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалт, комплекс байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ бий гэлээ.
"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс,орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот”гэсэн есөн салбар хорооны хурлаар үргэлжилж, тус бүрдээ санал, дүгнэлт гаргасан юм.


Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2026/02/09
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүү...
-
Үйл явдал2021/03/03
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
-
Үйл явдал2021/09/16
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2021/03/23
“Сансар-40 жил” дурсгалын мөнгөн зоос гаргалаа
