Дэлхий нийтээр..
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин 2023 оны долоодугаар сарын 25-ны өдөр Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркыг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. “Монгол улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах/” судалгааны төслийг БНСУ-ын Засгийн газрын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тус улсын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гийн Олон улсын хөгжлийн төв (CID), Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-гийн судлаачид оролцжээ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа талаар Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дурдаад, уул уурхайн болон бусад төрлийн түүхий эдийг боловсруулж, түүхийгээр нь бус баялаг болгож экспортлох бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж байна гэв. Тэрбээр, үйлдвэрлэл, технологийн парк болон эдийн засгийн чөлөөт бүс, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн орчин, тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар танилцуулж, эдгээр асуудлаар аж үйлдвэр өндөр хөгжсөн БНСУ-аас суралцах зүйл их бийг онцлон тэмдэглэв. Хамгийн сүүлд энэ сарын эхээр энэ сарын эхээр Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Хөвсгөл сумдын нутагт ажиллах ‘’Алтан ширээт’’ ‘’Гэрэлт говь’’ Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байгааг дурдан, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын талаарх судалгааг амжилттай хийж дуусгаж байгаад талархал илэрхийллээ.
Судлаачдын багийн ахлагч, ахлах зөвлөх Кюнг Вүүк Хур, Монгол Улс эдийн засгаа сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чин хүсэлтэй байгааг Байнгын хорооны даргын ярианаас ойлгож авснаа дурдаад, өргөн уудам, ирээдүйтэй Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байна гэлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д улсын өмчийн 47, орон нутгийн болон хувийн хэвшлийн зэрэг нийт 1300 орчин Үйлдвэрлэл, технологийн парк үйл ажиллагаа явуулж буйг тэрбээр танилцуулаад, 1960-аад оноос явуулсан аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтэд алдаа, оноо багагүй байсныг дурдан, тэр бүх сургамж, туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэв. Мөн тэрбээр, БНСУ-ын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус улсын парламент дахь үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Байнгын хорооны бодлогын дэмжлэг ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркын судалгааны ажлын хүрээнд төслийн багаас БНСУ-ын хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд тус улсын 12 хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд эхнээсээ хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг судлаачид уулзалтын үеэр танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2019/06/24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/02/17
БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2026/08/12
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
-
Дэлхий нийтээр..2023/01/12
Шадар сайд С.Амарсайхан стандартын шинэчлэлийн асуудлаар БШУЯ-нд ажиллалаа
