Дэлхий нийтээр..
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж, Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.
Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.
Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/03/23
Иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагуудын өгч буй энгийн зөвлөгөөг биелүүлж х...
-
Чөлөөт бүс2021/09/03
Оч
-
Дэлхий нийтээр..2022/05/02
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө
-
Үйл явдал2024/05/30
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй
