Тод мэдээ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талбайд авчирлаа
Тавантолгой төмөр зам ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих лоигстикийн төв төслийн овоологч болон овоолгоос тэжээгч /STACKER & RECLAIMER/ тоног төхөөрөмжийг БНХАУ-ын “Huadian Caofeidian Heavy Industry” компанид үйлдвэрлэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд өнөөдөр авчирлаа.
Овоологч нь зориулалтын төмөр зам дээр уртын дагуу шилжилт хийж, бутлагдсан нүүрсийг хүлээн авч, цагт 3,300 тонн овоолго үүсгэх буюу зэрэгцээ хэд хэдэн овоолго үүсгэх хүчин чадалтай, металл хийц, эргэх, шилжих, өргөх, буулгах гидравлик механизм, эсрэг ачаа, туузан дамжуурга болон бусад хамгаалалтын төхөөрөмжүүдээс бүрддэг төхөөрөмж юм.
Овоолгоос дамран тэжээгч нь овоолгын нэг талаас өргөн огтлолын дагуу ёроолоос орой хүртэлх хэсгийг бүрэн хамруулан тэжээх боломжтой, энэ төрлийн тэжээгч нь холилт үүсгэх үед хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд чеврон аргаар овоолго үүсгэж холилт хийдэг. Ингэснээр нэгэн төрлийн жигд бүтээгдэхүүн ачих, бусад төрлийн овоологч, тэжээгчтэй харьцуулахад нэмэлт барилгын ажил бага шаарддаг, зөөврийн хамагч тэжээгчээс хүчин чадлын хувьд харьцангуй өндөр байдаг аж.
ТНАЛТ төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болгох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөг багасгах зэрэг байгаль орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой юм гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл