Тод мэдээ
“Тавантолгой төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН-тэй санамж бичиг байгууллаа

“Тавантолгой төмөр зам” ХХК Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Тус хоёр байгууллага хооронд 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер техникийн ажилтан, механик, операторуудын мэргэжил дээшлүүлэх сургалт, “УБТЗ” ХНН-ийн зүгээс хөдлөх бүрэлдэхүүний засвар арчлалт, зүгшрүүлэлтийн тээвэрлэлтийн үед гол замын зүтгүүрийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж ирсэн.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжин тэлж буй энэ үед “Тавантолгой төмөр зам” ХХК-тай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд, амжилт хүсэв.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг товч танилцуулаад олон арван жилийн баялаг түүхтэй Монгол Улсын төмөр замын салбарын ууган байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа тэмдэглэлээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр төмөр замын байгууллагын харилцаа улам бэхжиж, цаашид Монгол Улсын төмөр замын тээврийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээ хийх, төмөр замын тээврийн багц программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, төмөр замын төв эмнэлэгт төмөр замын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт шинэчлэн тусгалаа гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод индэр2019/12/02
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
-
Тод мэдээ2023/04/21
УИХ: Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтийг сонс...
-
Тод мэдээ2020/06/23
Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сум руу бага оврын онгоц нисгэж эхэллээ
-
Тод мэдээ2025/08/11
Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн ...