Дэлхий нийтээр..
“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” эхэллээ
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан боллоо.

Хуралдаанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бол ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Одоогоос 28 жилийн өмнө байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 18 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хамтран хэрэгжүүлсэн байна.
Хуралдааны нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол, Оросын ард түмний олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хоёр орны онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарсан комиссын хуралдаан зохих үр дүнгээ өгч, хоёр улсын хил залгаа бүс нутаг, аймгийн хүрээнд өргөжин тэлж байгааг онцоллоо. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ОХУ-ын Онцгой байдлын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Цэрэг, иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид 2001-2023 онд 150 гаруй албан хаагч суралцаж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гээд олон үр дүн бий. Түүнчлэн 2005 оноос Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува, Буриад болон Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газруудад “Аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч”-ийн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа бол 2021 онд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан юм.
Хамтарсан комиссын хуралдааны үеэр ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид Онцгой байдлын байгуулагад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж болон Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв хооронд хамтран ажиллах журмыг энэ оны хоёрдугаар сард байгуулсан нь хоёр улсын нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, арилгах, хариу арга хэмжээ авах, гамшигт өртсөн хүн амд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд цаг алдалгүй шуурхай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг дурдах нь зүйтэй юм.
“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” протоколд хоёр тал гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/03/07
ГССҮТ: Сар шинийн баяраар гэмтсэн хүмүүсийн 34 хувь нь хүүхэд байна
-
Чөлөөт бүс2022/01/28
Цас мөсний мөрөөдлийн хот - РАШААН ХОТ
-
Үйл явдал2019/12/20
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхэллээ
-
Хэн юу хэлэв...2021/07/28
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв
