Тод мэдээ
Австрали улс руу шууд нислэгтэй болно
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүллээ.
Одоогоор Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна.
Мөн монголчууд маань хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай Open Sky хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болохыг чухалчилж байна. Өнгөрсөн зун манай улс жуулчдын хөлд дарагдлаа. Энэ үед манай зам тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбар ирсэн зочдоо унаа хүлгээр улдааж явгалахгүй байх үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ.
Тухайлбал, БНСУ-тай Агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдлээ. Монгол Японы хооронд 7 хоногт 61, Монгол Туркийн хооронд 7 хоногт 28 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгч байна. Энэ онд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн Бойнг 787-9 агаарын хөлөг хүлээн авч нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр Монголоос дэлхийн аль ч цэг рүү шууд нисэх боломж бүрдлээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл