Тод мэдээ
Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад арга хэмжээ авна
Өнөөдрөөс буюу энэ сарын 7-ноос эхлэн автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн автомашинуудад зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор боллоо. Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаагаас замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилдэг.
Иймд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, халтуур хийж автобусны буудал дээр байнга зогсдог, явган хүний зам дээр машинаа орхиод явдаг зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулахаар болжээ.
Тод мэдээ
Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
Чаргаар гулгахдаа гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байхыг анхаараарай.
Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж бусадтай мөргөлдөх, унах бэртэх эрсдэлтэй.
Чаргаар ар араасаа дараалан гулгах нь хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй тул зэрэгцээ эгнээнээс гулгаарай.
Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсоорой.
Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийж дээрээс гулгаж буй хүнийг харж замаа чөлөөлөөрэй.

Тод мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
