Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2023 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө -17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Дайны хөлд сүйдсэн их сургуулийг дахин босгох оролдлого үргэлжилж байна
Газын зурвасын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Газын Исламын их сургууль дайны улмаас ихээхэн сүйдсэн ч багш, ажилтан, оюутнууд сургалт, судалгааны үйл ажиллагааг сэргээхээр ажиллаж байна. Тэд нурангийг цэвэрлэж, эвдэрсэн барилга байгууламжийг сэргээн засахын зэрэгцээ оюутнуудын суралцах орчныг дахин бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Тус сургууль нь Газын зурвасын хамгийн том, нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд дайны үеэр олон барилга, лаборатори, номын сан нь сүйдсэн байна. Гэсэн ч сургуулийн хамт олон боловсролын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг зорьж, үлдсэн нөөц боломжоо ашиглан сургалтыг сэргээхээр хүчин чармайлт гаргаж байгаа талаар сурвалжилгад онцолжээ.
Үйл явдал
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Үйл явдал
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
