Дэлхий нийтээр..
Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10000 оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө
Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.2 сая иргэн хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн олонх нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар "Шүд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна. Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.

Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд эхний ээлжинд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчиддаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан. Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ" гэв.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр "2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар өөрсдийнхөө хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний эхлэл бол АШУҮИС дээр “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн. Манай сургуулийн оюутнуудын шүдний өвчлөл өндөр байна. Тийм учраас найман бүрэлдэхүүн сургуулийн 10,000 оюутан, дөрвөн эмнэлгийн эмч, багш, ажилчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС Дент эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг дээрээ хийж, эмчлэн амны эрүүл ахуйг зөв сахих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв, зохистой хэрэглэх талаар сургалтыг явуулж, шүдэнд фторт түрхлэг түрхэх ажлыг мөн хийх юм.
Дэлхий нийтээрээ 3X3 буюу гурван удаа гурван минутаар угаах ёстой байдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан энэ уриалгыг ч мөн дэвшүүлж байна" гэлээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
