Тод мэдээ
Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт өчигдөр "Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд мэс засал хийжээ.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын багийхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийсэн байна.
Нярай нь эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлжээ.
Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Тод мэдээ
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж, "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.
Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.
Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Тод мэдээ
103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 23-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул та бүхэн өвчлөлөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина уу.
Төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслана уу.
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа.
Тод мэдээ
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ.
Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмэлтээр дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил ачааллын үед орны тоог 1500-аас дээш нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрөөс 200 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-т өнгөрсөн шөнө 2787 дуудлага ирж, гэрийн үзлэгийг хийсэн. Энэ нь өмнөх өдрөөс 23 хувийн өсөлттэй байна. Энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгч эзэлдэг бол өнөөдрийн байдлаар энэ харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн дүүргүүдийг бүсчилж, бүс тус бүрд ӨЭМТ болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулахаар бэлтгэл хангаж байна” гэв.
Уртасгасан цагийн хуваарь:
- Ажлын өдөр: 08:30-20:00 цаг
- Амралтын өдөр: 11:00–18:00 цаг
- Бүх нийтийн амралтын өдөр: 11:00–17:00 цаг хүртэл ажиллана.
Мөн Засгийн газраас хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Иймд хүүхэд халуурах, ханиад хүрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа ӨЭМТ-д үзүүлж, эмчийн хуудсыг үндэслэн цалинтай чөлөө авах боломжтой юм.
-
Тод мэдээ2022/08/18
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргажээ
-
Өнөөдөр2023/12/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2021/02/17
Израиль Улсад сонгууль болохын өмнөхөн Нетаньяахугийн шүүх хурал товлогдлоо
-
Өнөөдөр2022/04/22
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
