Тод мэдээ
ЗГ: Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа.
Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан.
Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах үйлдвэр, үйлчилгээний төрлийг тодорхой хүрээнд хязгаарлаж, бусад бизнесүүдэд зөвхөн стандарт мөрдүүлэх зохицуулалтыг бий болгох; мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлэх замаар хот суурин газруудад зарагдах махны үнийг бууруулж, хөдөөгийн өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх; эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс нэгдсэн байдлаар худалдан авах ажлыг эрчимжүүлэх; Тавантолгой-Гашуунсухайт авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай гүйцэтгэх; нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд RFID системийг яаралтай ашиглалт оруулах; аялал жуулчлалыг нэмэгдүүлэх болон Монгол Улсад гадаадын банк татах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтанд үүрэг болголоо.
Тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2024 оны эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэх, инфляцыг нэг оронтой тоонд хязгаарлах боломжтой юм.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл