Дэлхий нийтээр..
Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлээд байна.
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцларгыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавин ажиллана. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга “Цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах” үүрэг даалгаврыг өгсөн. Өмнө нь хусалт хийгээд, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоогоор өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.
2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээнд ажиллажээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байгаа. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, УБЗАА тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Харин одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бидний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын холбогдох мэдээллийг нээлттэй мэдээлнэ. Ингэснээр олон нийтийн хяналт сайжрах юм. УБЗАА бодлогын болон стандартын шаардлага, хяналтыг тавьж ажиллана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
-
Үйл явдал2021/08/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/06/02
УИХ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа
-
Чөлөөт бүс2019/06/20
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлн...
-
Тод зураг2020/06/03
Сэдвээсээ хазайсан хэрүүл гайтай
