Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвд гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх зориулалт бүхий төв Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд ажиллав.

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талбарт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2206 нэгж талбар өртөж байгаагаас 1203 өрх санал асуулгад оролцож, 96 хувь нь тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор иргэд, айл өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авч, газар болон хөрөнгийн үнэлгээг гаргах ажлууд үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу энэ сарын 6-нд Засгийн газрын тогтоолоор Газар чөлөөлөлтийн журам батлагдсан. Нийслэлийн зүгээс энэ онд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тодруулбал, Зургаан буудал орчимд 28 МВт-н дулааны цахилгаан станцыг байгуулж, дэд бүтцийг шийдсэн тул 158 га газрыг чөлөөлөн, орчин үеийн жишигт нийсэн 12 мянган айлын орон сууц, худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага, нийгмийн байгууламжуудыг стандартын дагуу байгуулах цогц бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бид газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй зөвшилцөн, газрыг газраар, орон сууцаар, бэлэн мөнгөөр солих нөхцөлийг тавьж буй. Сүүлийн арван жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 11 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. Учир нь газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажилд төрийн оролцоо бага байсан. Төрийн зүгээс дахин төлөвлөлт хийх байршлыг нь зааж өгөөд, төсөл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд даатгаад үлдээчихдэг байсан. Барилгын компаниуд өөрсдөө иргэдтэй тохиролцож, хэлэлцээр хийдэг байснаас үүдэн төлөвлөлтийн хувьд хяналтгүй явж, хувийн компани болон иргэдийн дунд үнэлгээн дээрээ тохиролцоогүй, хугацаа нь хойшилдог зэрэг асуудал үүсэж, эцэст нь иргэд хохироод үлддэг байсан. Энэ бүх алдааг давтахгүйн тулд төрийн оролцоог нэмэгдүүлж, төлөвлөлт, хяналтыг нь цогц байдлаар хийнэ.

Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхдээ 60 хувьд нь барилга байгууламж, 40 хувьд нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөж буй. Уг төслийг жишиг болгон хэрэгжүүлснээр бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:

-Иргэдэд ойр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас нийт 32 албан хаагч Сэлбэ дэд төвд байрлан ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас иргэдээс санал асуулга, нийгэм, эдийн засгийн судалгаа авч эхэлсэн. Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногт айл бүрд очин, тодорхой мэдээллүүдийг хүргэхийн зэрэгцээ хорооноос албан ёсны мэдээлэл гаргах, цахим орчинд мэдээлэл түгээх, аман байдлаар зар тараах зэрэг олон сувгаар ажиллаж байна. Санал асуулгын явц 56 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тендерт шалгарсан, мэргэжлийн, хөндлөнгийн хараат бус хоёр компани иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 300 орчим айлын хөрөнгийн үнэлгээ, тооллого, бүртгэлийг хийгээд байна хэмээлээ.

Ташрамд, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн хүрээнд 10 сургууль, 12 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаагаар Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар тухайн орчмын авто замын түгжрэл 36.3 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25,295 ажлын байр бий болох тооцоо гарсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.

Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.

Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.

Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.

Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.

Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Үйл явдал2026/09/17

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байн...

Үйл явдал2026/09/17

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засг...

Үйл явдал2026/09/17

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн н...

Үйл явдал2026/09/17

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөө...

Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Санал болгох