Үйл явдал
“Шүд эрүүл бол бие эрүүл” аян эхэллээ
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн болон цэцэрлэгийн эмч нар оролцов.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх, хүүхдийг бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургах, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн болгож төлөвшүүлэхээр тусгасныг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Засгийн газрын гишүүд онцлон дурдсан.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гээд эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааг хэлж байлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уг арга хэмжээг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолсон. Тэрбээр, бусад улс орнуудтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн асуудал яаралтай арга хэмжээ авах түвшинд хүрсэн. Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө гэв.
Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв нь улсдаа төрөлжсөн нарийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц төрийн өмчит байгууллага гэдгийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга Б.Эрдэнэ-Сайхан хэлсэн. Тус байгууллага нь иргэдэд харьяалал харгалзахгүй нүүр ам судлал болон шүд, гажиг засал, согог заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилдээ 100 гаруй мянган хүнд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, сургалт явуулдаг аж.
Сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 51-р цэцэрлэгийн эмч Н.Цэцэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл харьцангуй нэмэгдсэн. Уг асуудалд цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсаар ирсэн төдийгүй хүүхдүүдэд үзлэг хийхэд 1-12 шүд өвчлөлтэй гарсан тохиолдол ч бий. Мөн амны хөндийн эрүүл мэнд муу байгаагаас шалтгаалж гэдэс, ходоодны хямрал түлхүү илэрч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
“Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.
Түүнчлэн ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг дэд сайд хэлсэн.
“Шүд эрүүл бол бие эрүүл” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцож, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлууд”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүрэг”, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Эрдэнэсайхан “Шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд”, АШУҮИС-йн Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш Ж.Дэлгэрцэцэг “Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлт”, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Үйл явдал
“Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ болов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд “Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Шри Ланка болон Тайланд Улсын Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын төв байранд жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид болон Бутан, Вьетнам, Монгол, Мьянмар, Балба, Киргиз, Лаос, Индонез, Пакистан, ОХУ, Сингапур, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг улсын Байнгын төлөөлөгчид оролцож, Бурхан багшийн айлдсан сургаал, үнэт зүйлийн талаар үг хэлэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх, энх тайвнаар зэрэгцэн орших сургаал нь улс орнууд, ард түмнүүдийн хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглүүлэгч үнэт зарчим болохыг онцлов.
Тэрбээр мөн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь энх тайван, хүний эрхэм чанар, эв санааны нэгдлийг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ёс суртахууны хариуцлагыг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимтай уялдуулан нэмэгдүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Үйл явдал
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь амжилт хүсэж, талархал илэрхийллээ.



Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас анх удаа зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.
Цаашид нийт бие бүрэлдэхүүн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.


Ерөнхийлөгч мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Лувсанцэрэнгийн Доржид Гавьяат нисгэгч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэрэнжавын Ганбатад Гавьяат эдийн засагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн авто тээврийн салааны тээврийн тасгийн жолооч, ахлагч Дармаагийн Батдоржид Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна.
Ингэснээр өөрийгөө батлан хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, яам, агентлаг, иргэний нийгмийн байгууллага, иргэд гээд бүх талын оролцоотой, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдэх юм.



Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулсан. Мөн холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, аливаа аюул, заналтай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэхэд бодит нөлөө үзүүлэх боломж бүрдүүлжээ.
Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон дэлхий, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоо тууштай хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.
Манай улс өнгөрсөн 24 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагчаа оролцуулж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадлаа.



Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгосон.
Энэ хүрээнд алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ.
Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгосны дагуу тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэх юм.



Төр, засгаас батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийж буй шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна.
Тухайлбал 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид “Хүүхэдтэй гэр бүлд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог урамшуулал”-д хамрагдана. Мөн оноос эхлэн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан цэргийн алба хаагч мөнгөн урамшуулал авч байх юм.
Дэмжлэг нэн шаардлагатай бол орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг олгоно.
Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авах бол 150 гаруй хүн дараалал харгалзахгүй ипотекийн зээлд хамрагдахаар байна.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд нь хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.






-
Дэлхий нийтээр..2022/03/21
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Үйл явдал2022/07/28
Өнөөдөр Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр
-
Дэлхий нийтээр..2026/01/19
Зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
-
Дэлхий нийтээр..2023/12/28
Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна
