Дэлхий нийтээр..
Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Бүртгэлд суурилсан Хүн ам, орон сууцны тооллого” сэдэвт сургалт, уулзалтад оролцож байна.
Энэ үеэр БНСУ-ын Статистикийн газраас Бүртгэлд суурилсан тооллогын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, мэдээллийн чанар, тэр дундаа Захиргааны мэдээллийн сангийн үйл ажиллагаа, статистикт ашиглаж буй бодит жишээ, сорилт боломжийн талаар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өглөө.
БНСУ-ын Статистикийн газрын Хүн ам, тооллогын хэлтсийн дарга Ким Со Ёнг “Манай улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэлжүүлж эхэлсэн. 2022 оны тооллогын дүнгээр нийт хүн амын тоо 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрээд байна. БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагаас Монголын 35 мянган иргэн бий. Манай улс Бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжиж эхэлсэн. Одоогоор энэхүү мэдээллийн системд Захиргааны нийт 25 төрлийн багц мэдээлэл ашиглаж байна” хэмээн онцолсон.
Уулзалтын үеэр оролцогчид Бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулснаар мэдээллийн давхардал арилж, мэдээлэл орхигдох эрсдэлээс сэргийлэхээс гадна тооллогын түүврийн хүрээг жил бүр шинэчлэх боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал буурах зэрэг олон давуу тал бий болж байгаа талаар дурдсан юм. Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад маш сайн анхаарах шаардлагатай гэдгийг тодотгож байлаа.
Түүнчлэн ҮСХ-ны Дэд дарга Д.Лхамсүрэн БНСУ, Монгол Улсын Статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Хоёр талт уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд БНСУ-ын Статистикийн газар болон Дэлхийн банк дэмжлэг үзүүлж буйд онцгойлон талархал илэрхийлсэн юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болохыг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ. Тус холбоо хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ч тодруулаагүй.
Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр халдлагад ФИФА-гийн хадгалж буй нийт өгөгдлийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээг хариуцах нэгж байгуулж, хувь эзэмшлийг нь хувийн хөрөнгө оруулагчдад худалдах тухай зогсоосон төслийн баримтад халдагчид нэвтрээгүй гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгээ нэмлээ
Өмнөд Солонгосын төв банк арваннэгдүгээр сарын 26-нд бодлогын хүүгээ 3 хувиас 3.25 хувь болгож нэмлээ. Тус улсад аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, төв банкны 2 хувийн зорилтоос давжээ. Энэ нь тус банк долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмсэн шийдвэр юм.
Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн дээшлүүлэв. Өмнөд Солонгосын эдийн засаг 2026 онд 3.9 хувь, 2027 онд 4.1 хувиар өснө гэж тооцжээ. Наймдугаар сард энэ хоёр үзүүлэлтийг 3.3 болон 2.9 хувь байхаар төсөөлж байсан юм. Хиймэл оюуны салбарт ашигладаг чипийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн экспорт өссөн нь төсөөллөө нэмэх гол үндэслэл болжээ.
Экспорт өсөж байгаа ч эрчим хүчний өндөр үнэ инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр байлгах төлөвтэй байна. Төв банк 2027 оны инфляцын төсөөллөө 2.3 хувиас 2.4 хувь болгон нэмэгдүүлжээ. Мөн Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнэ өсөж байгаа нь өрхийн өрийг цааш нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.
Дэлхий нийтээр..
Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна
Йорданы парламентын доод танхим терроризмтой тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арваннэгдүгээр сарын 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Тус улсын өмнөд хэсгийн Карак мужид сүмд халдаж, есөн хүний амь хохирсны дараа уг төслийг хэлэлцэж байна.
Засгийн газрын дэмжсэн төслөөр терроризмтой холбоотой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 10 жил, зарим тохиолдолд 15 жил болгохоор тусгажээ. Хамгийн хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэвээр үлдээнэ. Байнгын хороо төслийг хянасны дараа доод танхим дахин хэлэлцэж, санал хураана. Дэмжвэл Сенатад шилжүүлж, Сенат баталсан тохиолдолд хаанаар батламжлуулах юм.
Аравдугаар сарын 23-нд Карак мужийн Хамуд тосгоны Грекийн үнэн алдартны сүмд оршуулгын ёслол болж байх үеэр халдлага гарчээ. Йорданы Улсын аюулгүй байдлын шүүх уг хэрэгт гурван хүнд цаазаар авах ял оноосон байна.
Доод танхимын тэргүүн дэд дарга Аятолла Фрейхат төслийн зарим заалтыг шүүмжилжээ. Тэрбээр "нийтийн хэв журам алдагдуулах", "нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах" гэх өргөн утгатай хэллэгийг терроризмын тодорхойлолтод ашиглавал үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна.
-
Дэлхий нийтээр..2020/05/13
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж бай...
-
Дэлхий нийтээр..2025/11/24
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгу...
-
Үйл явдал2022/05/23
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/06/13
Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
