Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 700 тэрбум төгрөгийн зээл олгожээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 01 дүгээр 28-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ажиллалаа.
Тэрээр Говь-Алтай аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, хоршоологчид болон иргэдтэй уулзаж парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар танилцууллаа.
Хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Шүүхийн байгууллагын тухай хууль иргэддээ илүү нээлттэй, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж эхэлсэн талаар дурдаад, шүүх байгууллагын үйл ажиллагаа хараат бус, стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийн талаар Хууль зүйн байнгын хорооны хянасан саналыг дэмжин, баталсныг онцоллоо.
Ингэснээр шүүх байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэх боломж бүрджээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нарын хамт оролцлоо.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 7 сарын хугацаанд улсын хэмжээнд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгожээ. Говь-Алтай аймагт 103 хоршоо байгуулагдсан нь аймгийнхаа мах, сүүний хэрэгцээг хоршоод хангах боломж бүрдэж буйг онцлов. Цаашид малчид түүхий эдээ боловсруулж, хотондоо бизнес эрхлэх боломж бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдан, хоршоод нь санхүүгийн зах зээлийн институт болох боломжтойг уулзалтын үеэр дурдлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Есөнбулаг сумын иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцуулав. 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлж, эргэлтэд оруулах алхмыг УИХ баталж чадсаныг онцоллоо.
Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт гэхэд л сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болсон талаар дурдав. Мөн Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдана гэлээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг Говь-Алтай аймгаас авах боломж бүрдэх юм.
Баруун бүсийн хувьд байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Тиймээс Говь-Алтай аймгийн 15 суманд жижиг хөв цөөрөм барих ажлыг зураг төслийн хамт хийнэ гэдгийг танилцууллаа. Ингэснээр үерээс хамгаалахаас гадна гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болох юм. Усны газрын дарга З.Батбаярын танилцуулснаар, баруун бүсийн Мөнх цаст оргилоос хайлсан усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлж, эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орно гэлээ.
Есөнбулаг сумын иргэд АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, гадаргын усыг цуглуулж хөв цөөрөм барих ажлуудад талархалтай байгаагаа илэрхийлж байна. Мөн Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг хүслээ. УИХ-аас нийтийн өргөдлийн цахим системд “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-нд байгуулаад байна. Тиймээс ажлын хэсэг Нарансэвстэй боомтын асуудлыг салбар бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, талуудын эрх ашгийг бүрэн хангаж ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан 2025” тэмцээнийг нийслэлийн Бизнес, инновацын газар, Хүүхдийг Ивээх Сан болон “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байгаа юм.
Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21, нийслэлийн есөн дүүргийн 14-19 насны ахлах, дунд ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой зохион байгуулж байна.
Тодруулбал, олон улсын тэмцээнд оролцох болон үндэсний уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, тус бүр гурван шилдэг багийг тодруулах юм.
Оролцогч баг 3-8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёрдугаар сарын 23-ны 23:00 цагаас өмнө бүртгүүлэх боломжтой.
Тод мэдээ
“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно
Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг ирэх хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.
Ат, тайлаг, торомны уралдаан, буухиа уралдаан, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болно.
Түүнчлэн “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаас бүрдэх тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд тэмээчдийг харьяалал харгалзахгүй нээлттэй оролцуулах юм байна.
Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Тод индэр2021/10/01
Б.Бямбадорж: Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг ...
-
Тод мэдээ2021/06/23
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
Өнөөдөр2021/12/10
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
-
Тод мэдээ2024/01/03
Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна