Тод мэдээ
Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалдаг. Гол, нуурын усанд осолдох тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд 2 удаа бүртгэгдлээ.
Иймд:
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
-Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.

Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Тод мэдээ
Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.
Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тод мэдээ
Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит шийдэл болно
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна.
Уг төсөл хэрэгжсэнээр нийслэл хотод олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий автозамын сүлжээ шинээр баригдах юм.
Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн судалгаа, тооцооллоор замын түгжрэл, удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт бодисын хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг онцолжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байна. Ялангуяа эвдэрч муудсан зам, түгжрэл ихтэй нөхцөлд хөдөлгүүр илүү ачаалалтай ажиллаж, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол нэмэгдэх сөрөг үр дагавартай.
Тодруулбал, дундаж хурд, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгааны дүн бий. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэлд тооцогдож байна.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.
