Хэн юу хэлэв...
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин сургалт, юмсын интернэтийн хөгжлийн хурд дэлхий дахинд нүд ирмэх зуур хувьсан өөрчлөгдөж байгааг онцлоод, Цахим үндэстэн болох зорилтынхоо хүрээнд та бүхний мэдлэг, оюуны хүчээр манай улс хурдацтай хөгжин дэвшиж байна гэлээ. Тэрбээр, “E-Mongolia”, https://d.parliament.mn/ платформыг жишээлэн дурдаж, би өдөр тутам ChatGPT ашиглахын зэрэгцээ зарим үед хэрэгтэй зураг, лого зэргийг AI-аар бүтээлгэдэг болсон гэсэн юм. Хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлж байгааг www.shilen.gov.mn-ээс харж болно гээд тэрбээр, хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй тул авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, энтрепренёр, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойрын үеийн чухал зорилтууд хүлээгдэж байгааг тэрбээр тэмдэглээд, Монгол Улсын хөгжлийн болого, хөтөлбөрүүдэд туссан зорилго, зорилтууд, “Цахим Үндэстэн” санаачилгын хэрэгжилтийн тухай товч танилцуулсан юм. Хөдөө, орон нутгийг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дижитал дэд бүтцийг байгуулах төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах зэрэг ажлууд амжилттай өрнөж буйг Улсын Их Хурлын дарга зориуд дурдсан юм. Энэ салбарын хөгжил нь инновацыг идэвхжүүлж, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх ёстой хэмээн тэрбээр өгүүлээд, энэ үр өгөөж нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ шинэ ажлын байрыг нэмэгдүүлэн, инновацыг хөгжүүлэх хөшүүрэг болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
