Тод индэр
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлагын асуудал яригдах ёстой
Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулснаар асуудал шийдэгдсэнгүй
-Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар нь батлаад удаагүй байна. Та бол олон жилийн өмнөөс хүүхэд хамгааллын асуудлаар нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж ирсэн хүн. Бас хүчирхийлэлд өртсөн олон хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулахад нэлээд идэвхтэй оролцсон гэж сонссон?
-Миний хувьд Хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Хүүхдийн эрхийн чиглэлээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн мэргэжлийн хүний хувьд намайг урьж оролцуулсан гэж харж байгаа. Хуулийн төсөлд юуг илүү онцлон тусгах шаардлагатай вэ гэдэг дээр нэлээд санал санаачилга гаргаж оролцсон. Жишээлбэл, гэмт хэргийн хохирогч холбогдогч хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульд зайлшгүй тусгаж өгөх шаардлагатай гэдгийг өргөн хүрээнд хөндсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүүхдийн эрх хамгааллын асуудал гэх мэт. Мөрдөн шалгах ажиллагааны үед хүүхэд мэдүүлэг өгөхөөс эхлээд томчуудын нөлөөлөл их гарч ирдэг. Тэр тохиолдолд хүүхдийн эрх хамгаалын асуудалд төр яаж оролцох ёстой вэ гэдэг тусгай зохицуулалтууд хэрэгтэй болдог. Амьдрал дээр яадаг вэ гэхээр, би төрүүлсэн хүүхдээ мэднэ, чи ингэж хэл гээд буруу ташаа үгийг зааж зааварлаж, хүүхдээ зовоогоод яваа ээж, аав ч байдаг. Тэр бүү хэл мэдүүлгээс нь хүртэл буцаалгаж, ар гэрийхэн хийгээд гэмт этгээдийн зүгээс элдэв дарамтанд орох ч асуудал тохиолддог. Энэ тохиолдолд хүүхдэд эрхийн хамгааллын асуудлыг яах вэ гээд олон асуудлыг хуульчилж өгсөн. Нэмж хэлэхэд, гамшиг ослын үед хүүхэд хамгааллын асуудлыг яаж зохицуулах вэ гэсэн шинэлэг зүйлүүд хуульд орсон. Хуучин хуулиас харьцангуй дэвшилттэй болсон зүйл нь юу вэ гэвэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлагын асуудал гэж хардаг байсныг өөрчилж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг үе шат, зохицуулалтыг хуульчилж өгсөн. Хөндөж, дэвшүүлсэн дээрх саналууд хуульд зохих хэмжээгээр тусгалаа олж орсон. Харин эцэг, эхийн үр хүүхдээ үл хайхардаг, хайхрамжгүй байдлын хор хөнөөлөөс бага насны хүүхэд осол гэмтэлд орж, эсвэл ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа энэ үйл баримт дээр эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуульчлах ёстой гэсэн санал маань миний санаанд хүртэл тусгагдаагүй. Гэхдээ дараагийн удаа илүү дэлгэрэнгүй тодорхой боломж ирэх байх гэдэгт найдаж байна. Хөндөж буй эдгээр асуудал хуульд зохих хэмжээгээр тусгалаа олж орсон.
-Хууль батлагдан гарах нэг хэрэг. Уг хуулийг сурталчлан таниулах, амьдралд хэрэгжүүлэх тал дээр хэр анхаарч байгаа бол оо?
-Хууль батлагдан гараад олон нийтэд сурталчлан таниулах ажил үе шаттай явж байгаа хэдий ч эцэг, эхчүүдэд хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг хүргэх асуудал орхигдож байна. Нөгөө талаар эцэг, эхчүүд дунд “Би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэдэж байна” гэх хандлага нийтлэг ажиглагддаг. Энэ бол зан заншлын хэм хэмжээтэй холбоотой, уламжлалт чиг хандлага л даа. Хуульд ямар өөрчлөлт оров гэдгийг нийгэмд ойлгуулах нь маш чухал. Төрийн алба хаагчид, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжилтнүүдээс гадна нийгмээрээ, нийтээрээ хүүхдийн асуудлыг хөндөж ярьдаг. Түүн шигээ хүүхдийнхээ өмнө томчууд ямар үүрэг хүлээж, хариуцлага үүрч байгаа юм бэ гэдгийг нийтээрээ мэдэж байх нь тулгамдсан асуудал. Шинээр батлагдсан хуулийг ойлгож, мэдэж, хэрэглээ болгож байж хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх нөхцөл, орчныг бүрдүүлнэ.
Гэтэл өнөөдөр хүүхэд хамгааллын орчин хангалтгүй байна. Хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад нийтээрээ анхаарах шаардлагатай болжээ. Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд гаргасан мэдээллээс харахад 2024 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьсан байна. Оны эхний улиралд 1582 хэрэг гарсан гэхээр нэг сард 500 гаруй хүүхэд ямар нэг хэлбэрээр гэмт хэргийн хохирогч болж байна. Анхаарал татсан асуудал олон байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг урд онуудаас өндөр өсөлттэй нэмэгджээ. Гэмт хэргийн зүйлчлэлээр авч үзэхэд 368 хүүхэд хулгайлах гэмт хэргийн, 300-гаад хүүхэд эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн, 360 гаруй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. Мөн 100 гаруй хүүхэд залилах гэмт хэргийн хохирогч болж. Хүчиндэх гэмт хэрэгт жилд дунджаар 350 орчим хүүхэд хохирогч болдог бол энэ оны нэгдүгээр улиралд л 360 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байна гэдэг анхаарал татсан асуудал.
-Уг нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогыг чангатгасан биз дээ?
-Тийм. 2023 оны 12-р сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бага насны хүүхэд хүчиндсэн тохиолдолд оногдуулах ялыг 20 биш 25 болгож нэмсэн. Мэргэжлийн хүний хувьд тухайн үед хорих ялыг нэмснээр асуудлыг шийдэх гарц биш ээ гэж байр сууриа илэрхийлж байсан. Үнэхээр тийм гэдгийг дээр өгүүлсэн статистик харуулж байна. Хуулиа чангаруулснаар бүх асуудал шийдэгддэггүй юм байна. Хууль амьд байх ёстой атал амьдралд буухгүй байна. Амьдрал мэдэхгүй хүмүүс хууль баталбал ингэдэг.
Хорих ялын хугацааг нэмснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдэд ямар нэг хэмжээгээр айдас болгоомжлол төрнө, ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаараа, 25 жил хоригдоно гэсэн ойлголт гэмт хэрэгтэнд төрөх байх гэж хууль тогтоогчид тооцсон. Гэтэл харамсалтай нь тийм зүйл байхгүй байна. Нэг жилд үйлдэгддэг гэмт хэргийн тоо ганц улирлын статистик дээр гараад ирлээ. Энэ нь хамгийн их анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудалд ялын өөр бодлого хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдүүдийн пэдофил шинж тэмдэг буюу бага насны хүүхдийг сонирхдог хүмүүсийн тоо нэмэгдээд байна уу, эсвэл сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй этгээдүүд ийм гэмт хэрэг үйлдээд байгаа юм уу. Физиологийн хэрэгцээгээ хангах үүднээс, өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж хүүхдэд халдаад байгаа юм уу гэх мэт олон шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоож байж хариуцлагын санкцыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хөндөх ёстой. Манай улс шиг нэг жилд ийм олон хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа улс орон алга. Энэ нь ялын бодлого бодит байдал дээр нэг л нийцэхгүй байгаагийн тод жишээ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Мэргэжлийн хүмүүсийн байр суурь, дуу хоолойг сонсох хэрэгтэй. Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг өсөөд байгаа асуудал дээр криминологи судалгаа, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ гэж прокурорын байгууллагаас мэдээлсэн. Хүүхэд гэдэг эрх зүйн бүрэн чадамжгүй, биеэ хамгаалах чадваргүй, тодорхой үүрэг, хариуцлага хүлээгээгүй, хариуцлага хүлээх хуулийн насанд хүрээгүй бодьгал. Гэтэл хүүхдийг гэмт хэргийн обьект болгож, хохироож байна гэдэг томчууд бид хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаагийн тод жишээ. Хаана, ямар орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод байна гэхээр дийлэнхидээ гэр бүлийн орчинд. Төр хууль, тогтоомжоо боловсронгуй болгоод, хүүхэд хамгааллын байруудыг барьж байгуулаад л байна. Сая Хүүхэд хамгааллын тухай хуулиар 700 гаруй нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоог баталлаа. Сум, хороо болгонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй боллоо. Төр ингэж хүүхдийн төлөө анхаарч байхад гэр бүл дотроо хүүхдийг хохироогоод байгаа энэ үйл баримт бол үнэхээр ноцтой. Төрийн бодлого гэр бүлд очих ёстой. Энэ тал дээр анхаарах цаг болсныг харуулж байна. Хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн субьектууд буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэх хариуцлагын асуудлыг өөр түвшинд хөндөх хэрэгтэй болж байна.
Энэ он гарсаар бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон 6-15 насны хорь гаруй охидын шүүх хурлуудад ороод байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд шүүхээс дунджаар 15-18 жилийн хорих ял оногдуулсан. Үүний цаана хүүхэд гэмт хэрэгт өртөхөд ойрхон байсан хүүхдийг асран халамжилж, харгалзан дэмжиж, хараа хяналт тавих ёстой субьектууд ямар ч хуулийн хариуцага хүлээхгүй мултарч байна. Үр хүүхдээ хайхардаггүй байдал газар авчээ. Тэгснээ гэнэт л миний хүүхдийг хохироосон байна гээд хашгичаад гүйдэг болохоос биш яагаад миний хүүхэд ийм ноцтой гэмт хэргийн хохирогч болчихов оо, хараа хяналт сул байв уу гэдэгт огт анхаарал хандуулдаггүй. Хүүхдээ хайрлаж хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх, хараа хяналт тавих үүргийнхээ хаана нь алдаа гаргав гэж ухамсартайгаар бодож, цэгнэхийг ч хүсэхгүй байна. Тухайлбал: өвөөтэй нь даалуу, шатар тоглодог өвгөд ач охиныг нь ээлж дараалан охиныг нь хүчиндсэн гэмт хэрэг гарлаа. Мэдээж өндөр настай хоёр хүн хаалттай дэглэмд хорих ял эдлэх хуулийн хариуцлага хүлээгээд явцгаасан. Харин тэр өнчин охиныг өвөө нь асран хамгаална гээд өөр дээрээ авсан атлаа гэмт хэргийн хохирогч болгоод насан туршийн эдгэшгүй шархтай үлдээлээ. Тэр хүүхэд одоогоор очих тодорхой газаргүй, маш хүнд нөхцөлд байна. Гэмт хэрэгт холбогдож хариуцлага хүлээсэн Өвгөчүүдийн үр хүүхэд, ач зээ нар хүртэл өвөөгөө өмөөрч хохирогч охиныг элдвээр дарамталж, тэр бүү хэл гудамжаар явахад нь чулуугаар шидэж биед нь халдахыг завдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан байдаг.
Тиймээс хохирогч охин өссөн өвөөийндөө амьдрах боломжгүй болж, хамаатны айлаар хоног төөрүүлэн амьдарч байна. Энэ жишээнээс хүүхэд хамгааллын бодлого хүрэх ёстой газраа хүрэхгүй байна. БЗД-ийн Гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын хэлтэст хандаж энэ хүүхдийн МСҮТ-д оруулчихлаа. Дотуур байр болон сургалтын төлбөрт нь нэмэр тус болооч гэж 2 удаа амаар болон бичгээр хүсэлт гаргасан. Харамсалтай нь төсөвт ийм үйлчилгээнд зориулсан мөнгө суугаагүй тул хожим нь аудитаас торгууль тавигддаг гээд халгаагаагүй шүү. Эцэст нь аргаа бараад нөгөө охиныхоо сургалтын төлбөрийг өнгөрсөн 4 сард өөрөөсөө төлж өгсөн дөө. Үнэгүй өмгөөлнө, араас нь сургууль соёл бараадуулах гэж хөтөлж гүйсээр эцэст төлбөрийн хүртэл төлөөд л байж байна. Ёстой нөгөө Жавхлангийн дуунд гардаг шиг тавилан юм даа. Яг үнэндээ 11хэн наснаасаа эхлэн тийм аймшиг дунд байсан охин хүүхдийг хайрлахгүй, араатнуудаас холдуулж хамгаалахгүй байхын аргагүй шүү дээ. Хүүхэд гэмт хэрэгт өртлөө төр хамгаалалтандаа авч сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хууль зүйн иж бүрэн туслалцаа үзүүлдэг шуурхай тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй ээ. Энэ мэт онц ноцтой асуудалд төрийн хүүхэд хамгааллын хүндээ ойртож хүрсэн бодлого хэрэгтэй. Төрөөс хүүхэд хамгаалын чиглэлээр төсөвлөсөн 14 тэрбум төгрөг хүндээ хүрэхгүй байна шүү дээ. Эцэг, эхийн хариуцлагыг ярихгүйгээр зөвхөн төр хамгаалах ёстой, төрийн хамгаалалтад байх ёстой гэж өрөөсгөлөөр хардаг хандлага эцэг, эхийн хариуцлагыг сулруулж байна. Хүүхдийн эрх хамгаалын чиглэлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, дэмжих хэрэгтэй байна.
-Хүүхдээ үл хайхрах нь гэмт хэрэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчдад ойлгуулах, тэдэнд үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах ёстой юм байна даа?
-Энэ талын асуудал үнэнхүү учир дутагдалтай байна аа. Тийм айхтар гэмт хэргийн хохирогч болгочоод зөрчлийн хуулиар ч хариуцлага хөндөгдөхгүй орхино гэдэг дэндүү шудрага бус. Үүний цаана үр хүүхдээ зүгээр л орхиод явчихдаг этгээдүүдийн асудал зүгээр л ямар ч хариуцлагын асуудал хөндөгдөхгүй орхигдож байна. Арай нэг хуулиа гадарладаг нь араас ч гүйсээр хүүхэддээ тэтгэмж тогтоолгосон шүүхийн шийдвэртэй үлдэж байх жишээний. Ухамсартай хандаж хүүхдийн тэтгэлэгээ хугацаанд нь төлдөг эцэг, эх ердөө 40 гаруй хувьтай байдаг. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад жилд дунджаар 1146-1774 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон байдаг. Мөн 350-450 хүүхдэд эцэг тогтоолгосон шүүхийн шийдвэр гарч байна. Хүүхдийн эрх хамгааллын асуудлын хүрээнд мэргэжлийн хуульч өмгөөлөгчийн тусламж дэмжлэг маш хэрэгтэй байдаг. Иймээс одоогоос 3 жилийн өмнө хүүхдийн эрхийн хуульчдын сүлжээ байгуулаад ажиллаж байна.
Хүүхдийн төлөө ажилладаг хүмүүс мөнгө бус сэтгэл түшиж ажилладагаараа онцлог. Хүүхдийн эрх хамгааллын хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хуульчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгаалын газартай хамтран энэ сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус газрын даргаар эмэгтэй хүн, тэр тусмаа хуульч мэргэжилтэй хүн томилогдсон. Тиймээс энэ чиглэлээр үр дүнтэй ажиллах байх гэж найдаж байна. Салбарын сайд Х.Булгантуяагийн хувьд Хүүхэд хамгааллын хуулийг батлуулахад санал санаачлагатай ажилласан төдийгүй батлагдан гарсан хуулиа сурталчилан таниулах ажлыг маш өргөн хүрээтэй, хүртээмжтэй зохион байгуулж байгаад мэргэжлийн хүний хувьд талархан харж байгаа. Хуулийн хүрээнд дагалдах журмуудыг мөн батлууллаа. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл нэлээд унтаа байдалтай байсныг идэвхжүүлж,иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нь маш онцлогтой дэвшилттэй алхам болсон. Шинэ хуулиа сурталчилан таниулах, салбар бүр хүүхэм хамгааллын бодлого боловсруулах тал дээр арга зүйн зөвлөмж хүргүүлэх ажлын чиглэлийн яам ХТҮЗ-ийн гишүүдтэй хамтран яамдууд болон төрийн байгууллагууд дээр өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь шинэлэг байв.
-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна ахуйн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их гарах болсон санагддаг?
-2023 онд 67873 хүүхэд осол, гэмтэлд өртөж, гар хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болж, гэмтэж бэртсэн байна. Энэ бол эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдол дээр үндэслэн гаргасан статистик. Сард дунджаар 5600 хүүхэд гэмтэж бэртэж байна. Энэ бол аймшигтай. Ийм олон хүүхэд ямар нэг хэлбэрээр ахуйн чанартай осол, гэмтэлд өртөж байна. Тэднийг асран хамгаалах ёстой томчууд хаана байна аа. Энэ бол нөгөө л хараа хяналтгүй байдал, үл хайхралын асуудал. Хүүхдэд ээлтэй орчны стандарт хангагдахгүй байна уу. Яг юунаас болж байна вэ. Эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага сул байна уу. Энэ бүхнийг ярих ёстой.
-Хүүхэд хамгааллын тухай хуульд дээрэлхэлтийн талаар зүйл, заалт шинээр орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Цагдаагийн байгууллага “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” гэсэн уриан дор нөлөөллийн аян зохион байгуулж байна. Үндэсний хэмжээний олон томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Уул шугамандаа хүүхэд хамгааллын мөнгө төгрөг төсөвлөгддөг хүүхэд хамгааллын байгууллага илүү өргөн хүрээтэй оролцвол илүү үр өгөөжтэй болох юм.
Аяны хүрээнд хэн нэгнийг дээрэлхвэл ямар хариуцлага хүлээх талаар болон хүүхдүүдийн эцэг эхчүүд хүртэл хариуцлага хүлээж, сургалтанд суух талаар хуулинд шинээр тусгагдсан зохицуулалт шийдлийг түгээвэл илүү үр дүнтэй. Бага насны хүүхдүүдэд аливаа зүйлийг видео контент, кино зэргээр хүргэхэд илүү ойлгодог юм байна. Тэрнээс биш “дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гээд хоосон яриад, хууль дүрэм тайлбарлаад байвал тэдэнд тийм ч сайн буухгүй санагдсан. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр сургуулиудад чадан ядан лекц уншиж байна. Бодох зүйл олон харагдаж байна. “Дээрэлхэлтийг багш нар бас бидэнд үүсгэдэг шүү дээ” гэж хүүхдүүд хэлэх жишээтэй. Энэ аяны хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ч гэсэн бодох асуудал их байна. Хүүхдүүд байтугай томчууд бид өөрсдөө багш нар, сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө Хүүхэд хамгаллын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг мэдэхгүй, олж хараагүй л байна. Хуулийг багш нарт хүргэх, түгээх асуудал сайн биш байна. Багш нартай санал солилцоход хүүхэд хамгааллын талаар бид ийм ийм үүрэг, хариуцлагатай гэдгээ төдийлөн мэдэхгүй байна. Хуулийг сурталчлан таниулахдаа мэдээллийн технологийг ашиглахаас гадна мэргэжлийн хүнээр тайлбарлуулбал илүү өгөөжтэй.
-Шинээр хууль батлагдахад олон журам дагалдаж гардаг. Тэр бүхнийг энгийн иргэд уншиж танилцана гэдэг боломжгүй санагддаг шүү дээ?
-Хуулийг дагаад маш олон журам гардаг. Хууль нь нийгмийн гол харилцааг зохицуулдаг хүчин чадалтай байдаг. Харин журам нь зарим нэг зүйлийг нарийвчлан тайлбарладаг арга зүйн ач холбогдолтой. Гэвч хуульд байгаагүй зүйлийг журамд тусгадаг жишиг бий болжээ. Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг хуулийн цаана 8-аас доошгүй журам батлагдан гарах стандарттай. Харамсалтай нь хэрэгжиж байгаа хуулиас 5-6 дахин их журам үйлчилж байна.Энэ нь сөрөг үр дагавар бий болгож байгаа. Хуулиас илүү хүчин чадалтай буюу хуульд байхгүй харилцааг зохицуулсан журмууд олон болоод ирэхээр хүний эрхийн зөрчил ихэсдэг. Сүүлийн дөрвөн жилд Засгийн газрын шийдвэрээр 700 гаруй журам батлагдсан. Нийт 3000 гаруй журамтай улс болжээ. 10 жилийн өмнө 500-600 журам л нийгмийн харилцааг зохицуулж байв. Хүний эрхийг хязгаарласан, хуулиас давсан харилцааг зохицуулсан хэм хэмжээ бүхий энэ журмуудыг эргэн харж зохицуулах шаардлагатай. Дээр хэлсэн 3000 журмаас гадна ХЗДХ-нд бүртгэлгүй 1000-аад журам байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүний эрх зөрчсөн, хуультайгаа зөрчилдөж байгаа нэлээд журмыг хүчингүй болгосон байна лээ. Энэ нь хүний эрхийн зөрчлийг арилгах, иргэдэд чирэгдэл болж байгаа тэр олон зохицуулалтыг өөрчлөх практик ач холбогдолтой. Цаашид хууль түүний журмуудыг кодификацижуулах, судлан шинжлэх, давхардал, хийдэл, зөрчилд нь дүн шинжилгээ хийж нэгдсэн дүгнэлт хийх хэрэгцээ шаардлага их байна.
-Бизнесийн салбарт мөрдөгддөг олон журам жинхэнэ авлига, хүнд суртлын үндэс болдог доо?
-Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулдаг, саад болдог байгаа зүйл нь хууль гэхээсээ илүү хуулийг дагаж гарсан журмууд байна. Элдэв журмуудаар бизнесээ чөлөөтай явуулах эрх хэмжээг хязгаарлаж, хориглосон хүнд суртал байгаад байна. Тиймээс захиргааны хэм хэмжээ тогтоосон журмууд ардаа хээл хахууль, авлига хүнд суртал бий болгож байна гэж бизнес эрхлэгчид хэлж байгаа нь оргүй хоосон зүйл биш ээ. Сүүлдээ иргэд бизнес хийхээс халширч байна. Энэ олон дүрэм журам, энэ олон шахалтууд, татвар, нийгмийн даатгалын өндөр татаасууд тэднийг залхааж байна. Хууль түүнийг дагалдан гарах журмууд тухайн харилцаанд оролцогчдын аль алиных нь эрх ашгийг тэнцүү түвшинд авч үзэж журамлаж байх учиртай. Үүний нэг жишээ гэвэл Хөдөлмөрийн тухай хууль. Тус хуульд ажил олгогч нарын эрхийн асуудал нэлээд хязгаарлагдмал зохицуулагдах болсон нь ямар үр дагавар бий болгов гэхээр ажилчин ангигүй болох хандлага руу явж байна. Ажил хийж байгаа ажилтандаа шаардлага тавих юм бол ажлын байраа орхиод явчихдаг. Тэр хүнтэй хариуцлага тооцох асуудал байхгүй. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд хохироод үлддэг. Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчмаа бүрэн хангахгүй хууль болсон талаар санал, шүүмлэлүүд байгааг хууль тогтоогчид олж хараасай гэж боддог.
Бизнесийн орчныг хууль зүйн хамгаалалттай болгохгүй бол эдийн засаг хөгжихгүй. Бичил үйлдвэрлэл, бичил бизнес, хувиараа бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүдээ дэижихгүй бол Монгол Улс хөгжихгүй. Шударга өрсөлдөөний тухай, Монополын тухай хуулиудыг эргэж харах ёстой. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжих нөхцөлийг хуулиар давуу байдал үсгээд, боомилж байна. Тухайлбал гурил дээр хэдхэн компанид энэ салбарт ноёлох боломжийг хууль тогтоогчид олгочихсон байна гэдэг бол үнэхээр шударга ёсонд нийцэхгүй. Шинээр энэ салбарт орж байгаа бизнес эрхлэгчид% залуучуудад боломж олгохгүй байна. Гурилын үнэ буулгах, зах зээлд өрсөлдөөн бий болгох боломж олгоогүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэрийдлээр импортын гурилыг бүрэн хаасан. Ингэж хясан боогдуулж болдог юм уу. Таван компани үгсэн хуйвалдаж байгаад үнээ нэмдэг. Тэрийг нь иргэд авахгүй байх аргагүй. Нэг талаар хуулиар далайлгасан, хуулийн ард нуугдсан, хуулиар хамгаалагдсан луйвар, залилан мэхэлсэн дээрэм хийж байна. Үүний эсрэг зогсоно, дуугарна. Цаашдаа улсын төсвөөс татаас авдаг, улсын төсвөөс дэмжлэг өгдөг янз бүрийн сангуудын ард юу байгааг нухацтай судалъя гэж бодож байгаа. Би хүний эрхийг хамгаалах чиглэлээр илүү ажиллаж ирсэн. Гэтэл асуудал хүндээ биш батлаад байгаа хуульдаа байна. Төрийг хувийн бизнесээ хөгжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг зарчимгүй байдлыг таслан зогсоох ёстой.
-Парламент хууль батлаад орхих биш хэрэгжилтэд нь, амьдралд хэр ниийцэж байгаад нь, үр дагаварт нь гээд тал талаас нухацтай судалгаа хиймээр юм байна даа. Ямар хууль байна, тийм нийгэм л бүрэлдэнэ гээд хэлчихэд болох байх?
-Би хууль зүйн салбарт 20-гаруй жил тууштай ажиллаж байна. Өмгөөлөл, хууль зүйн салбарт ажиллахаасаа өмнө би боловсролын салбарт олон жил ажилласан. “Их Засаг”-ын Булгамаа гэж нэрлэгдтэлээ багшаас декан, сургалт эрхэлсэн проректор, сургалт инновац эрхэлсэн дэд захирал болтлоо мерит зарчмаар ажилласан. Олон жил төрийн бус өмчийн дээд сургуулийн удирдах түвшинд ажилласан. Хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын үүрэг нийгэмд их байжээ. Нийгэм солигдох үед олон хувийн сургууль байгуулагдсан. Гэтэл тэднийг үеийн үед адалж ирсэн. Олон байна, чанаргүй сургалт явуулж байна гээд л. Энэ бол боловсролын салбарт төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг хааж боох бодлогын нэг хэлбэр. Гэтэл хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд цөөрөхийн хэрээр түүнийг дагаад хувь хүний хөгжлийн бодлого унаж иржээ. Тэр олон залуусыг сургах, боловсрол олгох, хүмүүжүүлэхэд хувийн өмчийн их, дээд сургуулиуд их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс би хувийн их, дээд сургуулиудын тоог бууруулсанд сэтгэл дундуур явдаг. Монголын боловсролыг дэлхийд, дэлхийн боловсролыг Монголд нутагшуулах, академик эрх чөлөөг нь энэ салбарт өгөх ёстой байсан. Иргэд нь боловсролтой, ажилтай байж амьдралын чанар сайжирдаг. Ажилгүй, боловсролгүй хүн гэмт хэргийн ертөнц рүү амархан халтирч ордог. Амар хялбар аргаар амьдрах гэж бодоод алдаж байна. Залуучууд санамсар болгоомжгүйгээс, эсвэл амар хялбар аргаар орлогын эх үүсвэртэй болох гэснээсээ болж цахим тоглоом, цахим залиланд өртөж улмаар эрүүгийн ертөнц рүү халтиран орж байна. Мал хулгайлах гэмт хэрэг л гэхэд 2-8 жилийн ялтай. Гэмт хэргээр олсон малаа худалдан борлуулсан бол, амьдралын эх үүсвэр болгосон гээд 5-12 жилийн ялтай. Олон тооны мал гэдэгт 8 бог, хоёр бод орж байгаа юм. Хоёр бод туугаад уул давуулж яваад баригдвал доод тал нь хоёр жилийн ял авах жишээтэй. Монгол Улсад хорих ял эдэлж байгаа иргэдийн тоо маш залуужиж байна. Урьдчилан хорих 461-р ангид хоригдогсод 700, 800-гаас буурахгүй байна. Эмэгтэйчүүдийн хорих 300 гаруй ээжүүд бүсгүйчүүд хүмүүжиж байна Тус хорих ангийн даац нь хэтрээд нэг өрөөнд 8-12 хүн хоригдож байна. Тэнд нөхцөл байдал нь туйлын хүнд. Төрийн бодлого, ялын бодлого оновчгүй байгаагийн нэг жишээ энэ. Иргэдээ боловсролтой, ажил орлоготой болгоход анхаараагүйн хор хөнөөл ингэж гарч байна.
Мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарт академик эрх чөлөөг нь өгч байж энэ салбар хөгжинө. За тэгээд Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авчихаад, уг зээлээ эргүүлж төлснөөр асуудлыг хааж байгаа нь шудрага ёсны зарчим нийцэхгүй үйлдэл. Жинхэнэ сурах ёстой залуусын боломж, цаг хугацааг хулгайлчихаад сургалтын төлбөрөө буцааж төлсөн гэдгээр цагаадаж болохгүй. Алдагдсан боломжийг тооцож, нөхөн төлүүлэх асуудлыг гаргаж тавих ёстой. Үгүй дээ тэр зээл авагсад Монголын төрд дор хаяж 5 жил ажиллах ёстой. Зээлийн сангийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар тусгайлан судалгаа хийж Монголын төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр стратегийн өмгөөлөл хийхсэн гэж боддог.
-Сүүлийн асуулт. Яг одоо УИХ-ын ээлжит сонгууль эхлэх гэж байна. Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд хуульчид чухал үүрэгтэй. Энэ талаар юу хэлэх вэ?
-Төрийн бүх шатанд ер нь хаа хаанаа л сонгууль гээд оволзоод байна. Үндсэндээ сошиал медиа, хэвлэл мэдээллийн салбар ачааллаа даахгүй болтол асуудал өрнөж байна. Нийгмээрээ сэтгэцийн өөрчлөлтөд ормоор айхтар айхтар мэдээлэл, сенсаациар цэнэглэгдэж байна. Ямар нийгэмд амьдраад байгаагаа ойлгож ядаж байна. Мэдээллийн эрин зуунд хүн хүлээн авч байгаа, түгээж байгаа мэдээлэлдээ ямар нэг цензур тавихгүй бол мэдээллийн энэ их урсгал хор хөнөөлтэй. Монгол хүний сэтгэц, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар бий болно. Мэдээж мэдээлэл нээлттэй байх ёстой. Тэгэхдээ хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой. Сошиал эрүүдэн шүүлт гэдэг зүйл бий болж байгаад шүүмжлэлтэй харж байна. Цахим орчинд хүний эрх ноцтой зөрчигддөг талбар боллоо. Энэ талаар тун хэрэгтэй хуулийн төсөл явж байсан. Агуулга ач холбогдол өндөртэй хууль байсныг цаг хугацаа харуулсаар л байна. Сонгуулийн өмнөх мэдээллийн энэ их давлагаан дунд сонгогчдодоо боловсрол олгох компанит ажил орхигдож байна. Иргэд ийм их хар бараан мэдээллүүдээс залхана, ядарна. Тэгээд эцэстээ “надтай надгүй сонгууль болно биз” гээд идэвх, оролцоо нь багасна. Тиймээс таны нэг санал нийгмээ өөрчлөхөд ямар нөлөөтай вэ гэдэг ойлголт, итгэл үнэмшлийн эхлээд өгөх хэрэгтэй. Тийм ажил хийгдэхгүй байгаа тул сонгуулийн ирц дутдаг. Иргэд наад зах нь саналын хуудсаа хэрхэн дугуйлах талаар ойлголттой байна уу. Саналаа баталгаажуулахаар зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг хууль бус үйлдэл гаргавал хариуцлага хүлээнэ. Сонгуулийн сурталчилгаанд зориулж цахим хуудас хөтөлж байгаа бол түүнийгээ бүртгүүлэхээ мэдэж байна уу. Нэр дэвшиж байгаа нэгэндээ хандив өгөхөөр бол өөрийн овог нэрээс гадна регистр биш иргэний бүртгэлийн дугаар, шилжүүлж байгаа мөнгөнийхөө эх үүсвэрийг бичих ёстой болж байгаа талаар хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг мэдэж байна уу гээд олон асуудал байна даа...
Иргэдэд эрх зүйн боловсрол олгох нь тулгамдсан асуудал болоод байгааг олж хараад сонгуулийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгох, хуулийн хэрэглээнд гардаг алдаанаас сэргийлэх талаар СЕХ-той хамтарсан хуульчдын нэгдсэн сургалт зохион байгуулсан. Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо сургалтанд хамрагдсан хуульч нартайгаа хамтран Сонгогчдод боловсрол олгох нөлөөллийг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг иргэдэд эрх зүйн боловсрол олгох Пробоно өдөрлөгөөр эхлүүлсэн байгаа.Тод индэр
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.
-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?
-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.
-Тодорхой үр дүн гарсан уу?
-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.
- 7-р сард-4.406.206
- 10-р сард-2.493.478
- 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.
-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.
-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Тод индэр
С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.12.17/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанын үеэр мэдээлэл хийхдээ “Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж буй. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73 нь 100 хувь төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана. Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулна” гэлээ.
Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:
Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих:
1. “Монголын цахилгаан холбоо” ХК;
2. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
3. “Үндэсний давхар даатгал” ХК;
4. “Монголын хөрөнгийн бирж” ХК;
5. “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;
6. “МИАТ” ТӨХК;
7. “Төрийн банк” ХК.
8. “Эрдэнэс Тавантолгой” ХК;
9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
11. “Дулааны III цахилгаан станц” ХК;
12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;
13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
16. “Амгалан дулааны станц” ТӨХК;
17. “Шивээ овоо” ХК;
18. “Багануур” ХК
Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:
1. “Дулаан шарын гол” ТӨХК;
2. “Цемент шохой” ТӨХК
3. “Монгол шуудан” ХК
4. "Багануур дулааны станц” ТӨХК;
5. "Налайхын дулаан станц” ТӨХК;
6. “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;
7. “Ховд дулааны станц” ТӨХК;
8. “Улаангомын дулааны II станц” ТӨХК;
Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:
1. “Эрдэнэс монгол” ХХК;
2. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
3. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
4. “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ
5. “Автоимпекс” ХК
6. “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК;
7. “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК;
Тод индэр
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд “20 минутын хот” гэх нэр томьёо багагүй яригдах боллоо. Энэ нь ямар утга агуулгатай ойлголт юм бэ?
-“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн бүсэд амьдарч байгаа хүн өдөр тутмын болон өөрт хэрэгтэй бүхий л нийгэм, соёл, төрийн үйлчилгээнд 20 минутад явганаар хүрч очих боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Олон улсад анх 15 минутын хот гэсэн концепцтэй гарч байсан. Одоогоор дэлхий нийтэд 100 орчим хот энэ концепцын дагуу төлөвлөлтөө хийгээд хэрэгжүүлчихсэн байна. Хэрэгжүүлэх шатандаа явж байгаа 50 орчим хот байгаа юм билээ. Энэ жишгээр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол утаа, замын түгжрэл, орчны бохирдол, хэт төвлөрөл. “Сэлбэ 20 минутын хот” төсөл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Улаанбаатар нэг саяас дээш хүн амтай том хот болчихлоо. Сүүлийн 20 гаруй жил хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байна. Улаанбаатар хотод гол ажлын байрууд төвлөрсөн, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдээд эхлэхээр нийгмийн үйлчилгээ болон дэд бүтэц хүртээмжгүй болж байна. Хүн амын нягтралын өсөлтийг бүтээн байгуулалт нь гүйцэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бүхий л томоохон хотуудад байдаг түгжрэлийн асуудал болон эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Эдгээрээс гадна соёл, боловсролын үйлчилгээ бүгдэд тэгш хүрч чадахгүй байна. Ийм учраас эдгээр асуудлыг богино хугацаанд зөв голдиролд нь оруулах томоохон сорилт бий болсон. Манай хотын хувьд Сүхбаатарын талбайгаа тойроод урлаг соёл, төрийн захиргаа, сургууль, бизнесүүд төвлөрчихсөн учраас яах аргагүй төв рүү чиглэсэн урсгал ихтэй.
Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжил нь өнгөрсөн зуунд социалист нийгмийн үзэл баримтлалаар бий болсон учраас нийтийн төлөвлөлтөөр хязгаарлагддаг байлаа. 40, 50 мянгат гэсэн томоохон хорооллын төлөвлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ч өнөөдрийн амьдралын хэмнэлд тохирохгүй байгааг бүгд харж байна. Бүх хүн нийтийн тээврээр ажилдаа очдог байсан үетэй харьцуулахад айл бүр автомашинтай, хороолол болгон үйлчилгээний төвтэй болж, үүнийг дагаад үйлчилгээний талбай, бизнесийн нэгж, газар ашиглалт, автомашины зогсоол зэрэг хүртээмжийн асуудал гарч ирж байна. Цаашлаад хувийн өмчтэй байх ойлголт өнгөрсөн нийгэмд байгаагүй бол ардчилсан, чөлөөт нийгмийн өөрчлөлтөө дагаад хот төлөвлөлтөд хүний хөгжил, орчны чанар, нийтийн ба хувийн орон зайн зөв зохицлыг илэрхийлэх ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэчлэгдэж байгаа ч цогцоор нь хараахан шийдэж чадаагүй байна.
“Сэлбэ 20 минутын хот”-ын төлөвлөлт нь барилга байгууламжаас гадна тээврийн системийг хөгжүүлэх, хотыг бүрэн шинэчилж, нийгмийн өөрчлөлттэй холбож сайжруулж байгаагаараа ялгаатай. Одоогоос арваад жилийн өмнө хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтэц бий болгох, алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүд бий болгох зорилгоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах эхлэл тавигдаж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багагүй хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн ажил нэлээн хийсэн байдаг. Гэсэн хэдий ч амжилттай хэрэгжээгүй энэ ажлыг “Сэлбэ 20 минутын хот” концепцоор үргэлжлүүлж байна. 2023 оны сүүлч 2024 оны эхэн үеэс Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га газрыг чөлөөлөхөөр одоогийн хотын удирдлагууд шийдэж, нийт газрын 92 хувийг нь чөлөөлөөд байна. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, хөрөнгө оруулалт гээд маш олон ажил хийсэн. 2025 онд тендер сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалт, барилгын ажлууд эхэлсэн.
-Та төслийг хэрэгжүүлэх ажлаа хэзээ хүлээн авсан бэ?
-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд хагас жил гаруй болж байна. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажилласан. Ажлын туршлага, арга барил гээд салбарынхаа жаргал, зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа. Төслийг эхлүүлээд дуусах хүртэл нь хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил, зорилго бидэнд бий.
-Төслийн онцлог давуу тал юу вэ, яг хөрсөн дээрээ дэлхийн жишиг шиг бүтээн байгуулалт хийгдэх үү?
-Манай төсөл олон жил дэд бүтэц муутай байсан суурьшлын бүсийг шинэчлэн зохион байгуулж, одоо байгаа дэд бүтцийг нь өргөтгөж, иргэдийн амьдрах орчныг илүү сайжруулна. Амьдралын чанарт нь эергээр нөлөөлнө. Зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 га-гаар хязгаарлагдахгүй, зуслангийн ногоон бүс тэр чигтээ бизнес, эдийн засгийн хувьд дам нөлөөлөлд өртөнө. Төслийн үндсэн байршил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт боловч Баянзүрх дүүргийн зарим хороо, 100 айл, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх, Сэлх орчмын иргэд, оршин суугчид тэр чигтээ энэ дэд төвөөс үйлчилгээ авахаар зорьж ирэх төлөвлөлттэй.
Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлбэл, 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан хот босох юм. Төсөл хэрэгжүүлж буй бүсэд 45-50 мянган хүний төвлөрөл бий болно. Бусад ойр орчмын бүсээс 300-400 мянган хүн дамжин өнгөрөх, зорин ирэх төв болгосноор бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгож байна. Эдгээрээс гадна тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, сургууль цэцэрлэг болон бусад үйлчилгээг ойроос авах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Үндсэн төлөвлөлтөөрөө улсын гурван сургууль, таван цэцэрлэг барина. Цаашид ч хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанарыг сайжруулахаас гадна авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.
Үндсэндээ “Сэлбэ 20 минутын хот” бол Улаанбаатарын 14 дагуул хотын хамгийн эхний бүтээн байгуулалт болж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.
-“20 минутын хот” концепцыг харвал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт эерэг нөлөөтэй юм билээ. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн хувьд ямар үр ашиг гарах вэ?
-Тэнд амьдарч байсан 2000 орчим айлын газрыг чөлөөлж байгаа. Урьд нь тэнд байсан өрхүүд гал түлдэг, модон жорлонтой, усаа зөөдөг байсан бол энэ нөхцөл байдал шууд өөрчлөгдөж байна. Амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. Дараагийн нөлөө нь бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын хүртээмж нэмэгдэнэ. Сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний төвүүд, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд нэмэгдэнэ.
Байгаль экологийн хувьд, төсөл бүрэн хэрэгжсэнээр 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана. Тоо хэлэх амархан хэдий ч чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-3000 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууц барьж байна. Тэгэхээр шууд утгаараа 15-16 мянган яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж, янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдэлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломжийг бий болгож байна.
-Эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ?
-20 минутын хот концепц бүрэн утгаараа хэрэгжиж хүмүүс түгжрэлд зарцуулах цагаа багасгаад эхлэхээр алдагдсан боломжийн өртгийг бууруулна. Нэг судалгаанаас дурдахад, хүн өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, нэг хүн жилдээ 2,4-2,5 сая төгрөг, нэг өрх 10-11 сая төгрөгийг зөвхөн түгжрэлд үргүй зарцуулж байна. Тэгэхээр энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахад үлэмж хэмжээний нөлөөтэй. Мөн 10 орчим мянган айлын орон сууц баригдахаар 40-50 мянган иргэний төвлөрөл бий болно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил ирэх 2026 онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор, кино театр зэрэг урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад 8 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм.
-Төслийн явц хэр байна, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байна уу?
-Тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ болон замын ажлууд хийгдсэн. Шинээр нэмж хийнэ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 8565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн явж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны 7-р сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм.
-Энэ төсөлд оролцох сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байгаа вэ?
-Өнгөрсөн 5 сараас хойш компаниудаас саналыг нь авах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Хувийн хэвшил юу хүсэж байна, тэд хөрөнгө оруулалт хийвэл ямар эрсдэл байна, юунд хамтарч оролцох зориг байна, төр болон нийслэлийн зүгээс юуг анхаарах ёстойг мэдэх зорилгоор 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, нээлттэй саналууд авсан. Энэ ондоо багтааж зарим байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшлүүдийг татан оролцуулах ажлууд эхэлнэ. Удаашралтай байгаа нэг шалтгаан нь зам дагуу байршлуудад газар чөлөөлөлт 100 хувь хийгдээгүй байна. Энэ асуудлыг нэг талдаа шийдэж байж, хөрөнгө оруулагч талтайгаа тохирох ажлуудаа хийнэ.
-Төсөл хэрэгжүүлэх явцад ямар эрсдэл, бэрхшээл, сорилт тулгарч байна?
-Биднээс буюу дотоодоос шалтгаалах зүйл ч байна. Бусад хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас тэр хэрээр асуудал том байдаг. Манай хамт олон энэ болгоныг цаг тухайд нь шийдэхээр ажиллаж байна. Мэдээж 100 хувь бүх хүний хүсэл сонирхолд нийцэх зүйл гэж үгүй. Эсэргүүцэл бий. Энэ төсөл зарим нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд ч байна. Үүнд улс төрийн өнцөг ч орж ирж байна. Янз бүрийн бэрхшээлүүд байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нийтээрээ хожно, Улаанбаатар хот хожно. Тэнд орон сууц аваад амьдраагүй ч гэсэн тэнд байсан яндангаас утаа гардаг байсан, түүгээр нийслэлчүүд бид бүгд амьсгалж байсан, хөрсний бохирдол хүн бүрд нөлөөлж байсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна гэдэг нь нийтээрээ хожно гэсэн үг. Тиймээс нийтийн эрх ашиг бол энэ төслийн гол хөдөлгөгч хүч юм.
Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдэлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа. Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй. Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байх юм. Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа, эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.
-Сэлбэ хотод баригдах орон сууцны чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?
-Технологийн хувьд олон давуу тал байгаа. Чанарын хувьд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, дүрмийг хангасан, түүнээс дээш үзүүлэлттэй төслийг бид хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ уртаар харж чанартай, үзэмжтэй, зөв төлөвлөлттэй бүтээн байгуулалт хийхийг зорьж байна.
-Энэ төсөл анхных гэдгээрээ нэлээн онцлог бас өндөр хүлээлттэй байгаа. Амжилттай хэрэгжүүлбэл дараагийн байршлуудад хэрэгжүүлэх эхлэл хурдан тавигдана. Иргэд, олон нийт илүү итгэл үнэмшилтэй болно. Төслийн хүлээгдэж байгаа үр дүн юу вэ?
-15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана гэсэн тоон үзүүлэлтүүд хангагдана. Хамгийн гол нь Сэлбэ хот шиг нийгэм болон эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний дэд төв бий болсноор хувь хүн, иргэд, өрхийн маш олон зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэний дараа Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүсийн итгэл сэргэх болов уу гэж бодож байна. Мэдээж процессын хувьд сайжруулах зүйл их бий. Бүх ажлыг төр хийгээд байх биш газраа чөлөөлж, дэд бүтцээ шийдэж өгөөд бусад ажлыг хувийн хэвшилд өгч, хувийн хэвшлийн хүчээр явуулах зэргээр сайжруулах зүйлс ажиглагдаж байгаа. Дараа дараагийн төслүүд “Сэлбэ 20 минутын хот”-ыг бүтээн байгуулсан туршлагад үндэслэн хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжиж, хөгжих ёстой гэж бодож байна.
-“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь хотын бусад бүтээн байгуулалттай хэрхэн уялдаж байна вэ?
-Сэлбэ төсөл нь нийслэлийн хөгжлийн том зурганд багтаж байгаа цогц ажил юм. Трамвай, тойрог зам, инженерийн дэд бүтцийн шинэчлэл зэрэг томоохон төсөл бүгд энэ бүсийн хөгжилтэй уялдан хэрэгжиж байна. Том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, төлөвлөлт их шаарддаг. Энэ цаг үед зайлшгүй авч хэрэгжүүлэх зөв стратеги бол асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх юм. Ингэснээр хотын хөгжлийн үр дүн илүү өргөн хүрээнд, илүү хурдан мэдрэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүд жигд хүртэж, хотын хөгжлийн хэмнэл нэгэн зэрэг урагшилна гэж бид итгэж байна.
