Дэлхий нийтээр..
С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг өчигдөр Монгол Улсад хүлээлгэн өглөө.
ЭХЭМҮТ-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцов.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлснийг дурдаад “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны 12 дугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын 120 мянга орчим хорт хавдраар шаналж буй хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан.
Үүний хүрээнд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” /2023-2027/-ын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлсэн билээ.
Монгол Улс нь энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсонд бид баяртай байгаа бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хүрээнд нийлүүлэх эхний ээлжийн эмийг хүлээж авснаар энэхүү хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлж байна” гээд эмийн хатуу зохицуулалттай үйлдвэрлэгчийн эмийг нэн яаралтайгаар богино хугацаанд эхлүүлэх ажлыг зохион байгуулсан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантед талархал илэрхийлэв.
Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогдож, тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь (46.7%), цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70% нь анх оношлогдсоноос хойш 5 буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм.
Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт. Иймээс эмийн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтойг сайд онцолсон.
ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм. Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүсээс тус бүр нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.
Энэ санаачилгад нэгдсэнээр ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 30 гаруй нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах боломж бүрдсэн юм. Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж буйг Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.
Тэрбээр дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдгийг тэмдэглээд Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой гэсэн юм. Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн гэдгийг ч хэлж байлаа.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа манай улсад жилд дунджаар 4-5 хүүхэд бөөрний хавдраар оношлогддог бөгөөд эхний ээлжинд хүлээн авч буй эмийг тэдгээр хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэх тухай дуулгаад “Уг эм нь Франц улсад үйлдвэрлэсэн гаж нөлөө бага, үйлчилгээ өндөр, хавдрыг эсийн түвшинд устгадаг. Манай төв эх, хүүхдийн лавлагаа шатны тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэхээс гадна хавдрын 20, хөнгөвчлөх таван ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. ЭХЭМҮТ-д жилд шинээр 60-80 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Үүний ихэнх хувь нь цусны хорт хавдар байдаг.
Одоогийн байдлаар манай төвийн хорт хавдрын эмчилгээний үр дүн 60 хувьтай байна. Харин эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг нэвтрүүлснээр эмчилгээний үр дүнг дэлхийн дундаж буюу 80 хувь болгох зорилт тавьсан. Хорт хавдрын эсрэг эм нь хүүхдийн амьдрах чадварыг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой” хэмээсэн юм.
Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.
Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Хэн юу хэлэв...2022/03/23
Б.Бямбадорж: Томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрх, дүүргийн эмнэлгүүд у...
-
Дэлхий нийтээр..2020/12/24
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд ...
-
Дэлхий нийтээр..2023/08/30
УГТЭ: Эрт илрүүлгээр хавдрын таван тохиолдол илэрчээ
-
Үйл явдал2021/12/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
