Дэлхий нийтээр..
Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар тус улсад айлчлах үеэр уг санамж бичгийг байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд парламентын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, Байнгын хороодын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт хамаарах асуудал, хоёр улсын парламентын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж буй хууль тогтоомжийг харьцуулан судлах, цахим парламент, номын сан, судалгааны газруудын үйл ажиллагаа, сайн туршлагаас суралцах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат эртний түүхт Унгар Улсын нийслэл Будапешт хотод хүрэлцэн ирж хоёр улсын парламент, түүний Тамгын газрын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үүд, хаалгыг нээж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов. Мөн тэрбээр, хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд талархсанаа хэлээд энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шух энэхүү санамж бичгийн ач холбогдлыг өндөр түвшинд үнэлж байгаагаа онцлоод цаашид хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Улмаар уг санамж бичгийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хамаарах асуудлаар жил тутам үр дүнтэй хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулахад анхаарч ажиллана гэв.
Албан уулзалт болон санамж бичиг байгуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ оролцов.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Соёл, боловсролын хэлтэс, Хуулийн хэлтэс, Санхүү, захиргааны хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тус улсын парламент, түүний Тамгын газрын парламентын боловсрол олгох хөтөлбөр, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, төсвийн сахилга батыг хэрхэн сахидаг зэрэг үйл ажиллагааных нь талаар туршлага судалж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
