Үйл явдал
БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг амжилттай барьж дуусгасан.
Цаашид шинээр 3358 км төмөр зам барих, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам компани хамтран оролцож, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна.
Хоёр улсын хооронд төмөр замын салбарт олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд туйлын таатай байгаа"-г хэллээ.
Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги”-ийг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах, Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэх баримт бичгийн боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран Солонгосын Төмөр замын корпорац (КORAIL), Тээврийн хүрээлэн (KOTI), Юушин Инженеринг Корпорац (Yooshin), Гео Шинжлэх Ухаан ба Эрдэс баялгийн нөөцийн хүрээлэн (KIGAM)-байгууллагууд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Мөн КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад өрнөж буй төмөр замын их бүтээн байгуулалттай уялдан цаашид төмөр замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, хяналтын системийг сайжруулна гэдгийг хэллээ.
Элчин сайд Чой Жин-Воны зүгээс хоёр улсын төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Элчин сайд Чой Жин-Вон нь 2024 оны гуравдугаар сараас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





