Дэлхий нийтээр..
Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид зургадугаар сарын 12-нд тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд, сонгогчидтой уулзаж өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Зүүн бүсэд нэр дэвшиж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан багт Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байгаа.
Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, МАН-аас зүүн бүс нутагт хийх ажлууд, үүнийг гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан аймаг, сум бүрийн онцлог, бусдаас ялгарах байдлыг уялдуулж хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Эрдэнэцагаан суманд гэхэд олон улсын зэрэглэлтэй Бичигт боомт оршдог. Хүрэн нүүрсний дөрвөн уурхайтай. Дархан цаазат Лхачин вандад уул, Зотол хан уул, Талын халиун буган сүрэгтэй, Егүзэр хутагтын мэндэлсэн Мэндсайханы дов зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд оршдог.
Дарьганга сум төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай. Дарьгангын мөнгөн урлал, хурдан хүлгээрээ алдартай нутаг юм. Эдгээрийг түшиглээд зүүн бүсийн аялал жуулчлалын дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтыг татах, байгаль, соёлын өвийн цогцолборууд байгуулж Сүхбаатар аймаг руу жуулчдын урсгалыг татах боломж, гарц шийдлүүдийг МАН мөрийн хөтөлбөртөө бодитой тусгасныг нэр дэвшигчид онцлов.

Зүүн бүсийн Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Ингэснээр зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх юм.
Орон нутгийн иргэд, малчдын хувьд өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын улмаас ихээхэн хохирол амссан, Асгат сум л гэхэд нийт малынхаа тал хувийг алдсан, одоо 100 гаруй мянган толгой малтай зусаж байгаа аж. Харин Засгийн газраас зудын хүндрэлтэй үед малчдад зориулж “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс орны хэмжээнд зөв бодлогоор өрнүүлсэн нь цаг үеэ олсон оновчтой ажил болсон хэмээн үзэж байна.
Мөн Монгол Ардын нам засагласан найман жилд авлигын эсрэг тэмцэл эрчимжиж, олон жил хуримтлагдсан өрийг дарж, олон жил гацаанд байсан боомтуудыг сэргээсэн зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн. Эдгээр ажлуудыг үргэлжлүүлэхэд төрийн бодлого тогтвортой байх нь чухал учраас иргэд, сонгогчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.


Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Тод зураг2020/05/08
Фронт Цэгмид гуайд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуул...
-
Дэлхий нийтээр..2023/01/27
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа
-
Дэлхий нийтээр..2022/01/26
Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Үйл явдал2022/06/30
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт...
