Тод мэдээ
Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ

-Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах бэлтгэл хангагдлаа-
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна.
Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.
Гадаад улсад байгаа сонгогч та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоно уу гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.