Дэлхий нийтээр..
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сумдаар орж, Монгол Ардын намаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид, хоршоологчдод мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.
Энэ үеэр тэрбээр малчдын амьдралаас урган гарсан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тусгайлсан байгууллага байгуулахаар төлөвлөснийг ч дуулгаж байсан билээ. Энэ удаад тэрбээр Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тус аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаатай айл өрх олонтой учраас Д.Амарбаясгалангийн зохион байгуулж, манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр энэ талаар цөөнгүй асуулт, хариултыг өрнүүлсэн юм.

Завхан аймагт өнөөдрийн байдлаар 274 хоршоо шинээр байгуулагдсан бол 2658 малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Үүний үр дүнд нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад очжээ. Завхан аймгийн иргэдийн хувьд авлига, хулгайтай тэмцэхэд манлайлан оролцож буй МАН-ын залуу дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон бодлогоо цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэхийг захиад баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй ”Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Завхан аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7000 гаруй км урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дууссан билээ. Өнөөдрийн байдлаар Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр тусган, ажил үргэлжилж байгаа бол Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна. Мөн Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендер, сонгон шалгаруулалт зарлагдсан, Улиастай сумын 3000 шоо куб метр бүрэн автомат Цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт Ховдын Мянгад-Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 298, Арцсуурь боомт-Сонгино чиглэлийн босоо тэнхлэгийн 156 км авто замыг тус бүр тавих бол Баруун босоо төмөр зам Завханы Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 129 км төмөр замыг барихаар тусгаад байна. Түүнчлэн Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгаан станц барихын зэрэгцээ Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Их нуруу, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар тусгаад байна.




Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
