Дэлхий нийтээр..
Европын хөрөнгө оруулалтын банкны экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр шалгаж байна
Европын хөрөнгө оруулалтын банкны Экс ерөнхийлөгч Вернер Хойер хэлэхдээ, түүнийг авлига авсан, мөнгө завшсан хэргээр сэжиглэж байгаа нь ямар ч "утгагүй, үндэслэлгүй байна" гэж үзжээ. Хойерыг Европын холбооны Прокуророос шалгаж байгаа гэдгийг өнгөрсөн Даваа гарагт буюу 6-р сарын 24-нд мэдэгдээд байна.
Тэрээр Европын хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байгаад халагдсан ажилтанд нөхөн төлбөр олгосон гэх асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагаанд Европын холбооны Прокурорын газартай бүрэн хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.
Хойер цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ "Намайг ийм хэрэгт буруутгаж байгаа нь үнэхээр утгагүй бөгөөд үндэслэлгүй байна, Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын холбооны Прокурорын газар хамтран ажиллаж энэ хэргийг бүрэн шалгаж, үнэн зөвийг тодруулна гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан илгээсэн мэдэгдэлд Хойер Ерөнхийлөгч байхдаа тус хэрэгт холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан нь тухайн байгууллагын ажилтны хийсэн гэрээтэй холбоотой боловч тэрхүү гэрээ хэлэлцээрийг хийхэд Хойер ямар ч оролцоогүй болохыг дурдсан байна.
Түүний өмгөөлөгч Николас Газеас хэлэхдээ “ЕХ-ны Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа энэхүү үйлдэлд хуулийн хүрээний шаардлага маш сул байна” гэж хэлжээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан тэрээр хоёр удаагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 2023 оны сүүлээр ЕХОБ-ны удирдлагаасаа бууж, түүний оронд Испани улсын Ерөнхий садын орлогчоор 2023 оны 12 дугаар сарын 29 хүртэл ажиллаж байсан эдийн засагч, хуульч мэргэжилтэй Надия Кальвиньо томилогджээ.
ЕХОБ-ны хэвлэлийн төлөөлөгч Euronews-т хэлэхдээ, "гаднаас явуулж буй мөрдөн байцаалтын талаар тайлбар өгөх боломжгүй" гэхдээ прокуроруудтай хамтран ажиллах болно гэв.
ЕХОБ-аас ажлаасаа гарсан нэр нь үл мэдэгдэх хоёр ажилтны халдашгүй эрхийг цуцалж, прокуроруудадын хүсэлтийн дагуу тэднийг байр болон бүртгэлд нэвтрэх зөвшөөрлийг олгожээ.
Энэхүү хүсэлтийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига авсан, ЕХ-ны сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хоёр хүнд холбогдох мөрдөн байцаалтын хүрээнд гаргасан бөгөөд гэм буруутай нь нотлогдох хүртэл сэжигтнүүдийг гэм буруугүй гэж үзнэ гэж ЕХ-ны Прокурорын газар мэдэгдэв.
https://www.euronews.comДэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/08/16
АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг хянав
-
Хэн юу хэлэв...2020/08/13
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина
-
Дэлхий нийтээр..2021/01/11
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Хэн юу хэлэв...2024/10/04
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохи...
