Тод мэдээ
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна

Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй орчинд амьдарч байсан нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд өнгөрсөн онд тус хоёр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн дөрвөн блок бүрэн тохижилттой, тоглоомын болон чийрэгжүүлэх талбай, ногоон байгууламж бүхий 580 айлын орон сууцны барилгын ажлыг ‘’Мөнх ариун булаг” ХХК гүйцэтгэж эхэлсэн билээ. Ташрамд, эхний хоёр блок буюу 290 айлын орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, гадна фасад болон дотор заслын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч компани ажиллаж байна гэж Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээллээ.
Тод мэдээ
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцож байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь 1979 оноос эхлэн ISO-д гишүүнээр элссэн бөгөөд өнөөгийн байдлаар 56 техникийн хороонд жинхэнэ гишүүн, 207 хороонд ажиглагч гишүүнээр оролцож, стандартын боловсруулалт, шинэчлэлийн үйл явцад идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Тус чуулганы хүрээнд ISO-ийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, байгууллагын бодлого, стратегийн чиглэл, цаашдын хөгжлийн зорилтуудыг хэлэлцдэг. Энэ нь гишүүн орнуудын хувьд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, олон улсын туршлага, сайн жишээг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлдэг.
Энэ удаагийн Ерөнхий чуулганы нээлтийн өдөр ISO-оос албан ёсоор ISO 17298 “Байгууллагын биологийн олон янз байдал – Удирдамж ба шаардлага” нэртэй шинэ стандартыг нээлээ. Энэхүү стандарт нь байгууллагуудын стратеги болон үйлажиллагаанд биологийн олон янз байдлыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх дэлхийн анхны олон улсын стандарт юм.
Мөн нээлтийн ажиллагааны үеэр биологийн олон янз байдлын сэдэвт хуралдаан болж, төр, бизнесийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, стандартууд хэрхэн дэлхий нийтийн зорилгыг бодит үйлдэл болгон хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцлээ.
Тус үйл явдал биологийн олон янз байдал нь амьжиргаа, тогтвортой байдал, өсөлтийн үндэс болсон Руанда улсад зохион байгуулагдсан нь ISO/TC 331 “Биологийн олон янз байдал” техникийн хорооны олон жилийн хамтын ажиллагаа, үр бүтээлийн тод илэрхийлэл боллоо гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан эх орон” тоглолт, уран зураг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.
Тод мэдээ
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
-
Тод мэдээ2021/05/21
Н.Түвшинбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав
-
Тод индэр2022/02/10
Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий
-
Өнөөдөр2024/07/29
Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ
-
Тод мэдээ2024/11/18
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг э...