Дэлхий нийтээр..
Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.
Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг үйлдлээ.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.
Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэв. Байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд төрийн тэргүүн талархал илэрхийллээ. Хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй алтайчууд нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй.

Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх, асга нуранги ихтэй. Уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран гол эх авч урсдаг.
Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс, жимсгэнэ ургадаг. Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу элбэгтэй. Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр байц хад, хадан хавцал байдаг.
Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/11/23
Хятад улс оргон зугтсан 7831 иргэнийг эргэн эх оронд нь авчирлаа
-
Хэн юу хэлэв...2021/12/16
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа
-
Дэлхий нийтээр..2022/04/27
“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” г...
-
Дэлхий нийтээр..2024/11/13
Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
